Блогийн чимэг

Гутгаар хэсэг /1,2-р хэсгийг хавсаргав/

Зэрлэг бутанд амтархан байж зооглосон өдрийн хоолны дараа нөхөр маань юмсаа цэгцэлж машиндаа зөөж харин би хог хаягдлаа цуглуулж тусгайлан байрлуулсан том хогийн саванд аваачиж хийв. Паркийн пикник газруудаар хогийн сав хангалттай зоосон байдаг ба сахилгагүй сармагчингууд хогийн сав ухаж ойр орчныг хөглөрүүлдгээс таглааг нь амархан онгойлгох аргагүйгээр хийсэн, хогоо хийсэн бол таглааг нь буцааж ёс зүйгээр нь байрлуулах шаардлагатай. Мөн зарим төрлийн шувуу болоод бяцхан хэрэм хүртэл пикник газраар эргэлдэж хоолны үртэс, үлдэгдлээр хооллоод сурчихсан, зарим нь хүний гараас хүртэл хооллож гаршчихсан байдаг гэхээр онгон зэлүүд бутны амьтад бэлэн хоолыг анддаггүй, нөгөө талаар хүний хөл тасардаггүйг харуулна.

Тэдгээр зүггүй шувууд, эрэмгий зоригтой хэрэмнүүдийн аль аль нь энд үгүй, амар жимэр байсан нь паркийн энэхэн хэсгийн газар нутгийн өвс ургамлаас болдог уу юутай ч амьтад ховор байдаг шиг санагдав.

Улирал, цаг агаараас гадна тухайн газрын бут, өвсний төрлөөс хамаарч ан амьтад байнгын хөдөлгөөнд орших ба мод бут, өвс ногоогоор хооллодог зээр, гөрөөс, буга, анааш, хирс, зэрлэг сарлаг, зэрлэг үхэр зэрэг өвсөн тэжээлт амьтад ногооны үржил шимгүй газраас шилжин нүүж, тэднийг дагаад араатан амьтад ч хөдөлгөөнтэй амьдардаг. Өвсөн тэжээлтнүүд үзэгдэж эхэлбээс тэднийг гол хүнсээ болгодог араатан амьтад ч түүгээр үзэгдэх үндэслэлтэй нь амьтад хоорондын уялдаат амьдралын тогтсон хэмнэл юм.

Пикник газраас холдсон ч ямар ч амьд амьтан үзэгдсэнгүйд урам хугаравч хэзээд ч, хаанаас ч ямар нэг амьтан гэнэтхэн гараад ирдэг нь зэрлэг бутны гайхамшиг билээ.

Хоёул ярилцаж явсаар нэгэн том нуурын захад ирж нуурын зүг тольдох зориулалттай баригдсан модон байшингийн гаднах хамгаалалтын тойрог хашаанд машинаа тавиад байшин өөд алхлаа.

Гол мөрөн, нуур цөөрөм гээд усны орчим араатан амьтад гэнэт гарч ирэх аюулаас сэргийлж ийнхүү босгосон тусгай байшин парк болгонд байдаг бөгөөд хүн амьтан хоёрыг тусгаарласан хэдий ч усанд болон усны ойролцоо байгаа амьтдыг хамгийн ойроос айж эмээлгүйгээр тухлан ажиглах нөхцөл боломжийг хүмүүст олгодгоороо тольдох байшингийн зорилго оршино.

Ус гэдэг амьд амьтан болгоны хамгийн чухал хэрэгцээ тул бутанд элбэг тааралдах тогтоол ус нь амьтдын амь амьдралтай салшгүй холбоотой өргөн ухагдахуун билээ. Тогтоол усны эргэн тойронд бутны амьдралын эсэн бусын үйл явдал тааварлахын аргагүйгээр өрнөж, нэг "тогоо"-ноос ундалдаг ч бусдыгаа гөрөөлдөг араатан амьтдын өршөөлгүй хуулиар зарим нь бутны ертөнцөөс халин одовч нөгөө хэсэг нь шинээр мэндлэх зэргээр зэрлэг амьтдын эмгэнэлтэй, харуусмаар ч, тун сонирхолтой адал явдалт амьдрал мөнхөд үргэлжилж байдаг гэхээр усны захад зүгээр ч нэг тольдох байшин босгоогүйг илэрхийлнэ. Гэхдээ амьд амьтдын байнгын хөдөлгөөнт амьдрал болохоор усны орчмоос бүгдийг үзнэ гэж ойлгож болохгүй.

Тогтсон цаггүй ч нар мандахаас өмнө, өглөөний бүрэнхийд амьтдын олонхи нь ус руу очдог ч ямар араатан амьтан усны захад ирчихсэн байгаагаас ихэд шалтгаалж амьтад үдэш нар жаргахаас өмнө эсвэл нар жаргасны дараа гэх зэргээр тохиромжтой цагийг хүлээж устай золгодог.

Энэ удаа бидэнд аз таарчээ...

Их усны тэртээх бяцхан арал дээр хэдэн усны үхэр уснаасаа бүрмөсөн гарчихсан идээшилж зогсоо нь тун содон мөн ойролцоох эрэг дээр усны зээр хоёулаа байгаа бололтой өндөр ургасан зэгсэн дундаас тэдний зөвхөн эвэр болоод сортгор чихнүүд нь л цухуйж үзэгдэнэ.

Арлын харалдаах тохойд машин харагдсан нь усны үхрүүдийг хамгийн ойроос харах хамгийн зөв байршил шиг санагдсанд хоёул тольдох байшингаас хурдхан эргэлээ.

Өвлийн сэрүүн салхи байшингаар нэвт үлээх тул хэдхэн зураг дарахын зуурт хоёр гар бээрчихэж байхад бүдүүн хар гүрвэл байшингийн доторх тавцан дээр ханыг нь нөмөрлөн нарны туяанд биеэ ээж буй нь өөрт нь тун таатай байгаа бололтой ойртож очиход ч хөдлөх янзгүй хэвтэнэ.

 

Буцаж яван нуурын зүг эргэсэн салаа замыг хайнгаа "Салаалсан зам байгаагүй л юм даа. Тэр машин яаж тэнд хүрсэн байх вэ, эсвэл тэр нөхөр паркийн дүрмийг зөрчсөн байх" гэх мэтээр хоёул хэлэлцэж явахдаа уг замыг анзааралгүй өнгөрснөө мэдэв. Өнөөх машин өөдөөс ирж яваа үзэгдсэн бөгөөд энхэл донхол ихтэй, нарийхан эвгүй зам байсан ч машиныг өнгөрөөгөөд нуурын зүг уруудлаа.

Арал бас ч хөөрхөн хол харагдаж байсан ч усны үхрүүдийг ажиглаж болохоор байсанд хөөрч баярлан зураг авахад тохиромжтой байрлал сонгоод машинаа унтраалаа. Аварга том хоёр эх үхэр тугалынхаа хамтаар зогсож байсан ба зүүн гар талынх нь хөдөлсөн ч бидний зүг хяламхийсэн ч үгүй.

 

Уснаас нүүрээ хагас нуусан маягтай гаргаад чихээ сэгсрэн тэр л чигээрээ орчноо ажин байснаа эргээд ус руугаа орчихдог, төдөлгүй эргэн гарч ирээд тийнхүү зогсдог усны үхрүүд зурагчдын янзыг ихэд үздэг, тэвчээрийг нь гайгүй сайн бардаг амьтад.

Асар том биетэй ч усандаа хурдан шалмаг сэлдэг тэрбээр усан дор олуулаа зэрэгцэн үе үе уснаас цухуйж орчноо ажиглахаас гадна шөнө дунд уснаасаа гарч бут руу өвсний эрэлд одох ба шөнөжин хивсэн тэд өглөө эртэд нартай уралдан ус руугаа тэмүүлдэг тухай "Цааш усны үхэртэй таарсан нь" бичлэгтээ өгүүлж байсан билээ. Энэ л үедээ замдаа таарсан юуг ч дайраад, гишгэлээд өнгөрдөг түүнийг Африкийн хамгийн аюултай амьтан гэдэг.

Уснаасаа холдчихсон идээшилж явааг нь ховорхон удаа харсны нэгэн жишээ нь "Фото завсарлага" бичлэгт толилуулсан усны үхрийн зураг юм.

Өмнөд Африкийн хамгийн уудам, өргөн орон зайтай Кругер Үндэсний Паркт нэгэн өглөө тэнэж яваад жуулчдын асартай машинд тулан зогсож, энэ хүмүүс ямар амьтан үзээд ийнхүү саатав гэж гайхшран басхүү тэдний харсан зүгт юм олж үзэх санаатай хажуугийн бут руу хий л харуулдан суутал "Хүүе, хайя" гэлцэх өнөөх жуулчдын дуу задгай машин дээрээс хадаж, юу болов, яав гэхийн зуургүй нэгэн гөлгөр, бөндгөр том, улаан хүрэн амьтан бутнаас гарч, тэдний машины араар манай машины урдуур зам хөндлөн гарахдаа араатнаас зугтаж амиа аврах гэсэн зээр лугаа адил асар хурдтай тэмүүлээд замын хажуугийн бут руу алга болсонд тэрхэн үед ямар амьтан үзсэнээ ч мэдээгүйн дээр зургийг нь дарах нь бүү хэл өөрийн хоёр нүдээр ч тогтоож харахын аргагүй хурдтай одсон тэр амьтан бол "Улаан хүрэн нүсэр чулуу" гэж хочилсон усны үхэр байсан юм.

Усныхаа захад унтаж буй мэт бөндийлдөх эдгээр амьтад асар аюултай тул усаа хуваалцдаг матар хүртэл тэднийг зөнгөөр нь байлгадаг.

Хэвтсэн тугалаа хошуугаараа түлхсээр байгаад босгосон эх үхэр бидний зүг хэдэн удаа эгцэлж харсан ба юу хийж байгаа нь мэдэгдэхгүй тонгойсон хэвээр л ихэнхдээ зогссонсон. Бяцхан арал бус өөр газарт байсан бол тэд аль хэдийн харайгаад ус руугаа орчих байсан биз. Арал дээрээ аюулгүй бас амгалан байгаагаа илтгэж бидний гол үзүүлэн болж байсан өнөөх эх үхэр аварга том амаа бүрэн дэлгэж хэд хэд эвшээсэн нь өглөө эрт бүрэнхийн цагаар хол замыг туулан энд ирсэн бид хоёрт ер бусын нандин агаад ховорхон бэлэг болсон юм.

2000 кг, түүнээс ч илүү жинтэй байж болох энэхүү нүсэр амьтны зөвхөн эвшээх үйлдэл нь л миний блогт зүйрлэшгүй чимэг болно гэдгийг Африкийн зэрлэг бутанд гунихдаа гуньж, баясахдаа баясаж явсан амьдралын минь хугацаа хангалттай нотолноо.

 

Тайлбар

Усны үхэр - Hippopotamus /Голын морь гэсэн Грек үг/

 

Холбогдох зургууд

Эх үхэр хэвтсэн тугалаа хошуугаараа түлхсээр байгаад босгосон нь

 

Арал дээрээ аюулгүй бас амгалан байгаагаа илтгэж бидний гол үзүүлэн болж байсан өнөөх эх үхэр аварга том амаа бүрэн дэлгэж хэд хэд эвшээсэн нь

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-07-09 03:36:42
чамаас үнэн эрч хүч мэдрэгдэх юм даа
2. buyan (зочин) | 2009-07-09 10:04:19
hi, Myrlin.. ayan zamdaa sain yavna u.. uneh-r chimeg bolson zurag bna.. bayarlala..
3. Namara | 2009-07-09 10:32:18
Аймаар том амтай,
Эвшээж буй амыг нь үнэртвэл юу үнэртэх бол?
Сайхан аялал,.... Аялах юмсан

Амжилт
4. medicalscience | 2009-07-09 10:36:59
ямар том амтай юм вэ. ёстой нандин агшин бна даа. гайхалтай,
5. Орнелла | 2009-07-09 10:49:49
Сайхан чимэг байнаа.
6. Орнелла | 2009-07-09 10:53:00
Тэр дунд талын зурагт хөзрийн зураг шиг:) :) :)
7. m2 | 2009-07-09 12:40:35
энэ сайхан амьтдыг нүдээр үзэж, биеэр мэдэрдэг азтай хүн байна даа
8. erhtsas | 2009-07-09 13:18:15
Энд ТВ-ээр Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн Африкт болно гээд л Африкын талаар спорт сувагууд гаргах тоолонд таны тухай бодож тэнд Могол бүсгүй аялаж яваа гэхээр бахархал төрдөг шүү.

Аварга үхрийн ам ийм байхгүй бол өөр юуны ам ийн тим байхав дээ. Ёстой л хилэн хар арьстай юм аа.
9. erxtsas (зочин) | 2009-07-09 13:23:24
gaigui shig chiireg xar aristai zaluu baibal tanilcaalaarai niseed ochii shyy syyld nygyy solongost bolson uulzantan deer shig
10. Myrlin | 2009-07-09 18:43:05
Шинэ өдрийн мэнд,

*Agai,
Баярлалаа. Урд шөнө танайхаар зочилж гайхалтай уран зураг сонирхсон.

*Buyan,
Сайн уу, хэсэг үзэгдэхгүй зав муутай байв уу? Эргээд ирсэнд гялайж байнаа.

*Намара,
Блогийн чимэг ярьж байхад зүггүй гэдэг нь
Мэдээж, зэрлэг амьтан юм чинь эвгүй үнэртэй байж таарна.

*Medicalscience,
Тиймээ, нандин агшин.

*Усны хувилгаан,
Хөзрийн зураг? Ойлгосонгүй...
Харин чи хэзээ Хятадад оччихов?

*M2,
Шинэ зочин блогт тавтай морил.

*Эрхцас,
Баярлалаа, харин хилэн хар бус улаан хүрэн гэдгийг анзаараарай. Өнгөнийх нь талаар авч хэлэлцэж, тодруулсан удаа олон билээ.

*Монголоос бичсэн Erxtsas,
Хар арьстай залуу Монгол эмэгтэйчүүдэд хэрэггүй гэж зөвлөе.
Солонгост ямар уулзалт болсныг сонирхуулаарай.

Зочилсон та нартаа талархаж байна. Дараагийн бичлэгээр эргэн уулзья.
11. bataa123 | 2009-07-10 10:09:39
улаан хүрэн илгэн хадны гоё зурагнууд бна

бас их махчин юм билээ шүү, үндэсний газарзүйн сувгаар үзсэн нэг зэрлэг үхрийн тугалыг шууд хазаад л доошоо аваад орчихсон
12. Орнелла | 2009-07-10 18:21:35
Хэхэхэ, хөзрийн зураг шиг хоёр талдаа толгойтой харагдаад л...
Зам зуур явнаа хө, нэг их удахгүй харинаа. Чи Бээжинд ирэх гэж байгаа бол Элчин сайдын яамны буудал ямар бол? 200 юань орчим үнэтэй буудал бол хаа сайгүй л болов уу.
13. ss_gogo | 2009-07-11 08:24:15
Хуртай нартай миний Монголын наадам
Хурдтай цэцтэй Монголын наадам
Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж
Ерөөл буюны хийморь дэгдээж
Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай!
14. Myrlin | 2009-07-12 05:24:54
Сайхан наадаж байна уу андуудаа,

*Батаа,
Амьтан идэхдээ тулбал иддэг шүү.

*Усны хувилгаан,
Хөзрийн зураг шиг гэдгийг одоо ойлголоо.
Мэдээлэл үлдээсэнд баярлалаа.

*Ss-gogo,
Баярлалаа, танайд очиж хариу мэнд хүргээд ирлээ.
15. ттулга (зочин) | 2009-07-13 14:18:55
аймар том ангайж байна шүү
16. saikhnaa (зочин) | 2009-07-14 11:03:40
hi sain yavj bna u. Tugal ni huurhun yumaa. Tiimee evsheelt bol uneheer surleg yum.
17. leo | 2009-07-15 22:31:49
аймаар том амтай юмаа хэ хэ
18. gan-yalalt (зочин) | 2009-07-16 21:07:27
sain uu.murlin.bi chinii 1000 1000-n unshigchdiin neg baina.udur bolgon hamgiin turuund chinii blogiig neej hamag setgeleeree aprikaar ayladag bolood udaj.erch huchte saihan energiig chinii blogoos olj abdag bolohoor setgegdel bichihgui ch orohgui unguruuldeg udur neg ch baisangui.chin setgeleesee amjilr husye.chamd. ene udruus hoish setgegdel bichij baina aa.aylald chin amjilt... and aa
19. Myrlin | 2009-07-17 01:46:29
Үдшийн мэнд андуудаа,
Зочилсон Ттулга, Saikhnaa, Leo, Gan-Yalalt нартаа баярлалаа.

*Gan-Yalalt,
Уншигчдын маань зорьж зориулсан сайхан үгс холд суугаа надад үргэлж урам, дэм болж, цаашдын бичлэгээ бичих хүсэл эрмэлзлийг өдөөж байдаг билээ. Гайхалтай дотно үгээ харамгүй зориулсанд гялайлаа. Энэ нэрээр чинь төвөггүй таних болноо.
20. mr.JOJO | 2009-07-17 01:54:50
zagvariin shine blog neegdlee www.bbtemplate.bblog.mn
21. chimeglen | 2009-08-11 11:07:15
ysnii uher ih sonin amitan yum aa. yugaar hoollodog yum bol doo. mahchin amitan bish baih tee.
22. bolorka83 | 2009-08-11 16:51:48
usnii uher sonin amitan yumaa ene am ch oort zohison yum bnaa , inegehed ta saihan ayalj yabna uu
23. Myrlin | 2009-08-11 16:58:30
*Чимэглэн,
Усны үхэр юугаар хооллодог тухайд: "Асар том биетэй ч усандаа хурдан шалмаг сэлдэг тэрбээр усан дор олуулаа зэрэгцэн үе үе уснаас цухуйж орчноо ажиглахаас гадна шөнө дунд уснаасаа гарч бут руу ӨВСНИЙ ЭРЭЛД одох ба шөнөжин ХИВСЭН тэд өглөө эртэд нартай уралдан ус руугаа тэмүүлдэг тухай "Цааш усны үхэртэй таарсан нь" бичлэгтээ өгүүлж байсан билээ" гэж энд дурдсан байгаа.
Зарим тохиолдолд усанд үхсэн амьтдын биенээс хэсэглэн зажлахтай ч таарч мэдэх. Амьд амьтад юм хойно тэдний талаар бүхнийг хайрцаглан ойлгож болохооргүй сонин шүү.

*Bolorka,
Ховорхон агшин энд буусан байгаа нь энэ дээ.
Сайхан аялж явнаа. Зочилсонд баярлалаа анд аа.
24. bbumblai | 2009-08-24 16:04:46
Яяямарррр томммм аммммтттай юмммммм ббббббээээээ
25. Myrlin | 2009-08-26 15:03:09
Блогт зочилж анхныхаа сэтгэгдлийг үлдээсэн Бумблай дүүдээ маш их баярлалаа.
Ийм л том амтай амьтан даа
26. Өвлийн өвөө anjigai | 2009-09-03 04:03:06
Өөө үнэн лайтай

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.