Өглөөний харанхуйд эртлэн боссон бид чемодан саваа машин руугаа зөөхдөө цардмал замаар хаа сайгүй хөлхөлдөх бяцхан эмгэн хумснууд дээр гишгэлэхгүйн тулд тэднийг тойрох, зөв газарт хөлөө тавих зэргээр ихэд хичээвч нэг л мэдэхэд тэдний хагарах чимээ хөл дор гарч бүхлээрээ няцарсан үзэгдэх нь харамсмаар.
Орчны нам тайван байдлыг эвдэхгүйн тулд машины хаалгыг зөөлөн хаах, шивнэлдэн ярилцах зэргээр Атлантын далайн эргийн амралтын газраас Энэтхэгийн далайн эргийн амралтын зүг хөдөлсөн юм.
Хажуугийн цонхон дээр хачин том аалз зогсож байгааг явдал дундаа анзаарсан бөгөөд багаасаа "Овоолз" гэж дуудсан тэрхүү амьтныг харах болгонд гадаах сэрүүн агаарт жихүүцэнгүй байсан бие улам бүр эвгүйцээд ер биш. Замд нэгэнт нийлчихсэн байсан тул машиныхаа хурдыг нэмэн байж өнөөх овоолзыг салхины эрчинд хийсгэж чадлаа. Аварга жоом, эвгүй том овоолз гээд товчхондоо эндэх амралтын газар сэтгэлд тэгтлээ хүрээгүйг зохих газарт нь мэдүүлнэ гэж "Кейп-ийн хамгийн өмнөд цэг" бичлэгтээ өгүүлснийхээ дагуу аяллаасаа эргэж ирээд захидал илгээсэн бөгөөд удирдах газар нь шалгаж үзээд бидний гомдлыг барагдуулсныг энд бас цохон дурдах хэрэгтэй байх.
Өглөөний бүрэнхийг эс тоон Кейп хот хэдийн хөдөлгөөнд орсон нь Өмнөд Африкчуудын эртэчийг харуулах агаад хотоос 100 гаруй км-ийн зайд эдлэн газартай хүмүүс өглөөний 4 цагаас эхлээд ажилдаа очихоор замд гардгаас хурдны замууд асар ачаалалтай байдаг ажээ.
Орон даяар өрнөж байгаа зам засах ажилтай тулгарч замдаа хэдэн удаа саатуулагдаж, басхүү өглөөний 4 цагаас замд гарснаас бага үд гэхэд ихэд ядарснаа мэдэрч, түр амрахаар нэгэн суурин газрын ойролцоо очоод замаас гарч модны сүүдэр бараадан машинаа тавиад суудал дээрээ зүүрмэглэх зуураа үе үе нүдээ нээж орчноо ажиглан харж байлаа. Хаанаас ч юм хэн нэгэн гарч ирээд бид хоёрт буу тулгах юм шиг, эсвэл хэдэн залуус машинаасаа үсрэн бууж ирээд дээрэмдэх гэж байгаа ч юм шиг сэтгэгдэл тархинаас ер салахгүй болтлоо шингэж орхисон нь Африкт амьдрах хугацаандаа чамгүй сайн олж авсан амьдралын туршлага минь билээ. Гэхдээ энэ бол амьдрал, өдөр болгон үргэлжилж байдаг өдрүүдийн нэг гэдгийг ч хэдийн хүлээн зөвшөөрч. Хамгийн чухал нь буруу цагт буруу газар л байж болохгүй гэж залбирах.
Суурин газруудаас холгүйхэн зам дагуу хэсэг бүлгээрээ тэнүүчилж, боломж таарвал дээрэм тонуул хийдэг Африк залуус байдаг, тэдгээрийн хэсэгтэй нь энэ аяллынхаа нэгэн үзүүрт таарсан тухай удахгүй өгүүлнээ.
Холын аялалд, их замын дэргэд ийнхүү би унтаж эс чадсан тул машинаас бууж хөлийн чилээгээ гарган ойр зуур алхаж, бас өглөөний гүйлтээ хийх хүсэл байсан ч хурхиран унтаж буй нөхрөө хараад ганцааранг нь машинд үлдээгээд өөрөө ч бас тэндээсээ холдчихож чадсангүй. Холын замд амь нас, эрүүл мэнд хамгаас эрхэм гэдгийг аялал бүр надад баталсаар ирсний нэгээхэн жишээ энэ юм.
Цэлийсэн уудам нутаг хаа нэгтээ үзсэн газрыг санагдуулавч яг тэнд гээд оноод хэлчих газрыг нэрлэчихэж эс чадах. Дэлгэр харагдах нутгийн энэ их орон зай даанч хэдийнээ эзэнтэй болж хашаагаар тамгалуулсан гэхээр эх дэлхийн хязгааргүй их орон зай улам бүр хумигдаад уйтгар төрүүлэх шиг санагдана.
Зорьсон газраас холгүйхэн хоёр эмэгтэй замын цагдаа нэг эрэгтэй цагдаагийн хамтаар бидний машиныг зогсоосон нь "Мөрөөдлийн их аялал"-ын урт замд таарсан анхны цагдаа нар байлаа. Жуулчид болон амрагчид олноороо зүглэдэгээс даржинхан зам дээр тэд байж таарчээ.
Эрт үеийн загасчдын өвөрмөц шийдэлтэй байшингууд, газар тариалан бүхий цэмцгэр ногоон хөндий, өмнө хэсэгтээ их далайнууд, баруун талынх нь Атлантын далай, зүүн нь Энэтхэгийн далай гээд хоёр том далайн уулзварт загас агнуурыг эртнээс дагнаж ирсэн арвин их туршлага түүхтэй, үндэсний түүхийн дурсгалт газар олонтой энэ гайхамшигт ертөнцийн хэсэг бол Кейп Агулас буюу бүхэл бүтэн Африк тивийн хамгийн хамгийн өмнөд цэг юм аа.
Далайгаар аялах усан онгоцнуудад харуй бүрийд зүг чигээ олох, эх газрын баримжааг олгох үүднээс далайн эрэг өөд түрсэн газрын төгсгөлд, мөн аюул осолтой гэж үзсэн далайн эрэг орчмын газарт Гэрэлт Цамхгийг барьсан байдаг бөгөөд өндөр тусгалт гэрэл нь тодорхой цагийн давтамжтайгаар эргэж, улмаар тухайн үед далайд эвдэрч гэмтсэн усан онгоцон дээр буй олон хүмүүст эдгээр цамхгуудын гэрэл нь авралын од болсоор иржээ. Цамхгийн гэрлээр хөлгүүд Африк тивийн хамгийн өмнөд цэгийг дайран өнгөрч буйгаа төвөггүй мэддэг мөн саатан зогсож түлш шатахуун, хоол хүнс, ундны ус зэргээ базаадаг, тэр ч байтугай далайн аяллын хэмжээлшгүй замд өвдөж шаналсан нэгнээ энд, эх газарт гарган нутгийн хүмүүст даатган үлдээгээд аяллаа үргэлжлүүлэн өрнө дорнын зүг алслан оддог байжээ.

Европоос гарсан хөлгүүд ч янз бүрийн шалтгаанаар энд хүрээд эвдэрч сүйдсэнээс эсэн мэнд газардаж, эргээд аялалдаа гартал олон ч сарыг үдсэн хүмүүс гээд Африк тивийн энэ үзүүр газрын эртний түүхүүд гайхалтай сэтгэл хөдлөм.
Эртний Португаличууд энэ үзүүр газрыг ихэд аюултай хэмээгээд Л' Агулас гэж нэрлэсэн нь "Кейп-ийн зүүнүүд" гэсэн утгатай бөгөөд аварга загасны шүд шиг хурц шөвгөр хадан уулнууд энэ орчмын далайн дор нуугдаж байдаг, мөн хөлгүүд үүгээр өнгөрөх үед компасын зүү жинхэнэ хойд зүгийг соронзон орны хойд хэсэгтэй андуурч заадаг бодит баримт зэргээс үүдэлтэй ажээ.

Өдгөө ажиллаж байгаа бас Өмнөд Африкт хуучнаараа хоёрт жагсах энэ цамхаг 1848 онд Фарао загвараар баригджээ.
Фарао Гэрэлт Цамхгийн тухай товч сонирхуулбал:
Египетийн удирдагч байсан Фарао-гийн үед баригдсан байшин барилгуудаас тухайн үедээ гайхагдаж байсан хоёрын нэг нь Пирамид, нөгөө нь Александрия-гийн Фарос Гэрэлт Цамхаг юм.
Пирамид нь одоо ч сүндэрлэсээр байгаа бол эрт цагийн дэлхийн 7 гайхамшгийн нэг гэгдэж байсан Александрия Гэрэлт Цамхаг нь байгалийн асар хүчтэй салхи, далайн их шуургыг ч тэсвэрлэн өнгөрүүлж байсан хэдий ч олон удаагийн газар хөдлөлт цамхгийг бүрэн сүйрүүлж чадсан гэдэг.
Хамгийн анх Гэрэлт Цамхгийг жуулчдыг татах зорилгоор өндөрлөн барьсан агаад гол хэсэгт нь зочдод хоол цайгаар үйлчлэх үйл ажиллагаа явуулж, түүнээс дээш өгсөөд балконоос орчин тойрныг тольдох зориулалттай байж. Тухайн үедээ хүний гараар боссон ийм өндөр барилга ховорхон байсны нэг нь энэ цамхаг бөгөөд тэндээс орчныг ажиглана гэдэг зүйргүй сайхан байсан нь лавтай.
Алесандрия Гэрэлт Цамхаг /Интернетээс татсан зураг/

Анх цамхгийн оройд гал түлж гэрэл гаргадаг байсан, мөн гал гаргах түлээ түлшийг цамхгийн тэртээх орой өөд хэрхэн зөөж бас хэрхэн галаа унтраалгүй манадаг байсан талаарх түүх асар их сонирхол татах нь нэгэн талаар өгүүлэгч миний бие тэнгис далай болоод тэдгээртэй холбоотой энэхүү Гэрэлт Цамхгийг ашиглах боломжгүй ертөнцөд төрж өссөнтэй холбоотой биз.
Тэр цагийн зураачдын зурах сэдвийг олонтаа эзэлж, мөн зоосонд хүртэл дүр зураг нь мөнхөрсөн Гэрэлт Цамхгийн түүх үүгээр дуусахгүй туйлгүй баян ажээ.
*** *** ***
Африк тивийн хамгийн өмнөд цэг дээр орших энэхүү Гэрэлт Цамхгийг 1994 онд музей болгосон ба өдгөө гэрлээ цацахын зэрэгцээ музейн үйл ажиллагаагаа давхар явуулсаар байгаа нь Африкт оршдог цорын ганц Гэрэлт Цамхаг гэгддэг.
Бэлэг дурсгалын дэлгүүр, цай кофе уух бяцхан газар, мөн Өмнөд Африкийн 56 Гэрэлт Цамхгийн зургууд болон тэдний байршлыг нэг бүрчлэн заасан газрын зураг, цамхгуудын хөгжил хувьслыг дэлгэн үзүүлсэн музей, цаашлан цамхаг өөд авирах 71 гишгүүр бүхий эгц босоо модон шатууд, оройгоос нь тосгоныг бүхэлд нь болоод тэнд уулзах хоёр их далай, далайгаар хөвөн өнгөрөх хөлгүүдийг тольдох зэргийг энд ирээд хөлгүй хөх далайнуудад тулаад, үүнээс цааш газар үгүй гээд зогссон хүмүүс л үзэж сонирхох бөлгөө.
Тайлбар
Кейп Агулас - Cape Agulhas
Гэрэлт Цамхаг - Light House
Л' Агулас - L'Agulhas
Фарао - Pharaoh
Александрия-гийн Фарос Гэрэлт Цамхаг - Alexandria Pharos Light House / Александрия бол Египетийн 2 дахь том хот буюу Газрын Дундад Тэнгисийн Сувд хэмээгддэг/
*Кейп-ийн хамгийн өмнөд цэгт орших Гэрэлт Цамхгийн зургийг энд дарж үзээрэй.
Холбогдох зургууд
Цамхаг өөд авирах 71 гишгүүр бүхий эгц босоо модон шатууд

Цамхгийн оройгоос тосгоныг тольдсон нь

Цамхгийн оройгоос 2 их далайн зүг

Дараагийн бичлэг хоёр их далайн уулзвараас...

Сэтгэгдэлүүд:
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэргээр авхаалж, чадвараа сориорой.
вэб хаяг: togloom.net
жирийн нэг тосгон гэхэд зам харгуй яасан сайхан юм бэ
*Ss_gogo,
2010 онд энд байна, чухам аль хотын стадионд очиж тухлахаа шийдээгүй л явна... Тухайн үеийн ажил амьдралын байдал, эсвэл бид аялаад ч явчихаж мэдэх.
*Агай,
Африкийн олон омгийн хэл байдаг ч онцгойлон сурсангүй. Нөгөө талаар Англи хэлээр нутгийн хүмүүстэй ойлголцдогтой холбоотой.
Эртнээс Европ хүмүүсийн арга барилаар хөгжсөн орон болохоор хоол хүнс нь адил, харин далайн эргийн газрууд тул далайн хүнс их тал руугаа.
*Батаа123,
Гэрэлт Цамхгийг шөнөөр харах аргагүйгээр цаг хугацаандаа баригдаад бид цааш хөдөлсөн дөө. Харсан бол гэж бас ихэд хүсч байсан. Харин Александрия Цамхгийн интернетээс авсан зурагнаас шөнө хэрхэн гэрэлдэг нь тодорхой хэмжээгээр ойлголт өгөх байх.
Эндхийн тосгон, хөдөөний суурин газрууд иймэрхүү, зарим нь бүүр томхон хотын дайтай ч бий.
*Ган-Ялалт,
Том аалз гэхээр баруун нутгуудаар л болж таарлаа. Нуруун дээр нь байгаа тэдгээр жижиг төлүүд нь эхийгээ шимэгчилж идсээр үхүүлдэг гэдэг үнэн үү?
Овоолзны тухай явцын дунд бас нэгэн бичлэг оруулах санаа байгаа, тэрүүгээр эргэн сайн ярилцанаа.
*Apabst, LuZa, Nini, Тэнгэрийн бүсгүй, Hilde,
Аялал сайхан болж байнаа, ОРГИЛ үедээ ирж байна.
Сэтгэгдлээ үлдээсэн та нартаа машид ихээр баярлалаа. Дараагийн бичлэгийг бүү алгасаарай
*Saikhnaa,
Өглөө бүр блог руу минь зочилдог анддаа зориулж шинэ бичлэгээ орууллаа, таалан болгооно буй за.
*Anara,
Сэтгэгдлээ маш тодорхой бичин үлдээсэнд талархаж сууна.
Хэлсэн сайхан үгс чинь энэхүү блогоор зочилдог тодорхой хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна. Адилхан үзэл бодолтой хүмүүс ч зөндөө бий, гялайлаа анд минь/Харин намайг ингэж хэлэх хэрэггүй юм аа/
Сэтгэгдэл үлдээх: