Таван одтой там руу...

Бодит явдлаас чимхлэв.

Бидэнд дахиад 20 км үлдлээ. Эцсийн цэг хүрэх хүртэл бидэнд юу ч тохиолдож мэднэ гэж газарчин залууг хэлэхэд хүүхдээ нуруундаа үүрсэн эмэгтэй түр зогсож, хүүгээ ороосон алчуураа суллаж хүүхдээ нөхөртөө өгч хэсэгхэн ч болов ганцаар алхах зуураа амсхийх гэсэн авч зүүрмэглэх хүү сэрж эх рүүгээ тэмүүлэн дуугаа хадаах нь тэр. Эмэгтэй эмээсэн янзтай газарчин руу хараад ихэд сандрангуй хүүгээ буцаан авч энгэртээ тэврэх нь бутны орчинд чимээ гаргаж болохгүй гэсэн газарчны анхааруулга сүүлийн хэдэн цаг чихэнд нь тодоос тод хадагдсаных. Өөр шиг нь адилхан, энгийн л нэгэн газарчныг тэд хамгийн сүүлчийн итгэл найдвар гэдгийг ч мэднэ.

Өдөр бүр нэг л ажлаа давтан хийж, магадгүй саяас ч хол давсан хүмүүст газарчилсан тэрбээр хөлсний мөнгөөрөө баяжсан уу гэвэл үгүй юм аа. Өнөөдөр тэр хэдэн зоос оловч хэдхэн хормын дараа олсон бүгд нь бусдын гарт үлдэж, өмсөж явсан гандсан хэдий ч бүтэн төдий бүхэн нь ч түүнийг орхидог нь газарчны амь дүйсэн аюултай ажлын нэгээхэн хэсэг.  

Заримдаа өдөртөө 100-гаас ч илүү хүнд газарчилдаг бол энэ удаад 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг түүний араас мөрийг нь ягштал дагаж, ар араасаа цувран чимээгүйхэн алхана.

Нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдийг эрсдэлтэй хэмээн үзэх ч тэдний илүүчлэн сарвайх хэдэн зоос шуналыг нь хөдөлгөдгөөс үгүй гэж татгалзаж үл чадна. Ард нь үлдсэн 3 ч эхнэр, 10 гаруй хүүхэд нь түүнийг ийм ажилд түлхэн оруулсан тул тэднийхээ төлөө, амьдрахын эрхэнд ийм ажил хийдэг гэх авч "Би олон хүнд тусалж байгаа" гэж хариулахаа ч бас мартахгүй.

Хэдэн сар жилээр хадгалсан хувцас эсвэл олон сараар хав дарж цуглуулсан мөнгөөрөө авсан цамц, өмд, платье, пүүз, углааш гээд хамгийн шилдгээ өмссөн хүмүүс бутанд ороод л пүүз углаашаа гамнаж хэдийн тайлаад мөрөндөө тохон нүцгэн хөлөөрөө Африкийн элс шороо өшигчиж явсан тул гутлаа тайлаарай гэх газарчны дуунаар тайлах гуталтай хүн байсангүй. Булингартсан бохир усны захад ирсэн хүмүүсийн нүдэнд айсан эмээсэн нь илэрхий ч гол гатлахаас өөр аргагүй гэдгээ тэд бүгд сайн мэдэж байлаа.

Саяхан хооллосон бололтой цүдгэр гэдэстэй, аварга том матар тэртээх эрэг дээр нарлан хэвтэж буй үзэгдэх агаад хэчнээн ч матар тэнд байсан эдгээр хүмүүсийг зорьсон хэргээс нь буцааж эс чадах нь туйлгүй үнэн юм.

Матар бидний дайсан хэдий ч түүнээс ч аюултай дайсан өмнө минь хүлээж байгаа гэж газарчин өгүүлэв.

Энэхэн дэлхийд эрдэнэт хүний биеийг олж төрсөн эдгээр хүмүүс юуны тулд, хэний төлөө ийнхүү амиа золиослон, айж ичин, ганцхан газарчны гарт амиа даатгаад зэрлэг бутны дундуур нуугдан тэмтчинэ вэ?

Халуун наранд унд усгүй олон цаг алхсан хүмүүс бутанд таарах тогтоол, цөөрөм зэрэг бохир уснаас цангаагаа тайлснаас гэдэс нь өвдөж суулган их хэмжээний шингэн алдах, халуун наранд олон цаг алхсанаас эцэж туйлдах, шингэний дутагдалд орох зэргээр хүссэн газартаа хүрэхээс өмнө зам зуур амьсгал хураах нь ч цөөн тохиолдол биш юм.

2 нас ч хүрээгүй хүүгээ дүүрсэн эмэгтэй тийнхүү явж байгаад цагаан арьстны эдлэн газарт амьсгал хурааж, дэргэд нь бяцхан үр нь эхийгээ дуудан самардаж нус нулимсандаа хутгалдан суухтай таарсан фермийн эзэнд дэлхийн 2-р дайны үйл явдал бодитоороо болж байгаа мэт л санагдсан гэх. Эмэгтэй ганцаараа яваагүй гэдэг нь ойлгомжтой. Газарчны бүлэгт багтсан ч зөвхөн өвдөж шаналсан нэгнээсээ болж бусад хүмүүсийн хүсэл эрмэлзэл талаар өнгөрнө гэдэг тухайн нөхцөлд байж боломгүй асуудал байсан биз, тиймээс ч тэд эмэгтэйг хүүхэдтэй нь орхиод цааш оджээ.

Хилийн төмөр торон хашааны доогуур газрыг нь ухаж мөлхөх, дээгүүрх хамгаалалтын өргөсийг хэд гурваараа нийлэн хумьж гаргасан зайгаар бусад нь шургалах, хэрвээ олон тооны хүн яваа бол төмөр торыг огтлон тасалж хүн багтах хэмжээний нүх гаргаснаар чөлөөтэй бас хурдан нэвтрэх гээд замдаа таарах торон хашаануудыг тэд төвөггүй шийдэж чадах болсоор уджээ.

"Бид эдлэндээ олон янзын зээр, гөрөөс, бугатай. Эдгээр хүмүүс эдлэнгийн хашааг огтолсон, доогуур нь ухаж зай гаргаснаас өдөртөө хэдэн буга зээрээ үүгээр алдаж байгаагаа бид мэдэхгүй байна. Өдөр бүр хашаагаа эргэхдээ ийм байдалтай үргэлж тулгардаг. Засаж битүүлэвч маргааш нь дахиад л онгойчихсон байдаг" гэж нэгэн томоохон газрын эзэн өгүүлэхэд "Усны хоолойгоо бид өглөө нь засахад өдөрт нь эвдэлсэн, өдөр нь засахад үдэш нь дахиад л хагалсан байдаг гэж өөр нэгэн фермийн эзэн гайхширч сууна. Газарчнаар толгойлуулсан тэдгээр хүмүүс замаа дөтлөхийн тулд ийнхүү бусдын эдлэнгээр дамждаг, тэгэхдээ цангаагаа тайлахын тулд тийнхүү цэвэр усны хоолойг нь цоолдог нь үнэн. Олонтаа бас байнга тохиолдох ийм нөхцөлд цорго хийгээд "Ууж дуусаад цоргыг хаана уу", торон хашаагаа битүүлээд байлгүй хаалга гаргаад "Фермийн амьтдыг оргохоос сэргийлж хаалгыг хаана уу" гэсэн анхааруулсан бичиг тус тус хадчихмаар ч юм шиг.

Хашаа маань хамгийн бат бөх биш ч муу нь ч бас биш. Мөрөөр нь ойролцоогоор хэчнээн хүн үүгээр өнгөрснийг барагцаалдаг. Амралтын өдөр бүр 100-гаас ч илүү хүн гарсан байдаг хэмээн фермийн залуухан эзэн өөрт нь үйлчилдэг 50 гарсан Африк өвгөний хамтаар хашааныхаа төмөр утаснуудыг эргүүлэн холбож суух зуураа өгүүлнэ.

Гялалзаж гэрэлтсэн хар торон шинэхэн платье өмссөн ч төмөр утсан хашааны доогуур мөлхсөнөөс шороо тоосонд дарагдаж, бас удаах хашааны өргөс дундуур шургалснаас хормой нь сэмэрсэн залуухан эмэгтэйгээс "Юуны төлөө ингэж явна вэ?" хэмээн асуухад:

- Ажил олж хийх гэж. Ажилгүй бол үхэхээс өөр сонголт бидэнд байхгүй хэмээн хариулсан нь АЖИЛ, ажлын хөлс МӨНГӨ гэсэн хоёр ухагдахуун эдгээр хүмүүсийг ийм замаар хүссэн хүсээгүй алхуулж байгаа нь энэ.

Тэдний дунд 50 дөхөж яваа эр ч байх бөгөөд ядарч байна уу, хэдэн км замыг туулав гэж асуувал "Маш их өлсөж бас цангаж байна. Юм идэлгүй гурав хонолоо. 40 гаруй км замыг туулчихаад байна" гэх нь тэдгээрийн зарим нь хаанаас ирж байгаагаасаа шалтгаалж янз бүрийн зам туулсан болоод хэрхэн зүдэрч явааг нь гэрчилнэ.

Олон км алхсан тэдний хэн нь ч хүнс байтугай ачаа тээш авч яваа харагдсангүй нь золгүй амьдралынхаа энэхэн мөчийн эрсдэлийг урьдчилан сайн тооцоолсных биз.

...Газарчны царай барайжээ. Муу зүйл одоо л тохиолдох нь дээ гэж түүнийг хараад ойлгосон хүмүүс дуугаа хурааж, цаашид юу болохыг зөвхөн хүлээхээс өөр арга үгүй.

Өөр нэгэн гол гаталсны дараа хамгийн "оргил" зүйл тохиолдох нь тэр.

Хутга, буугаар зэвсэглэсэн хар залуус тэднийг зогсоож, бүгдийг нь газар суулгаад өнгөтэй өөдтэй бүхнээс нь гадна хэдэн өдөр толгойгоо гашилган байж өөрөөсөө шахуу нуусан мөнгийг нь ч олоод дээрэмдэнэ гэдэг хар дарсан аймшигтай зүүд ч хүмүүсийн хувьд эцсийн горьдлого нь тасраагүй хэвээр...

Хувцасныхаа дотор нугалаанд жижиглэн эвхэж оёсон, цүнхнийхээ доторт наасан, тэр ч бүү хэл бэлгэвчид хийж бөгсөндөө чихсэн гээд мөнгөө нууж авч үлдэх аргууд нь олон янз гэдэг ч өөрийн нүдээр үзээгүй болохоор барин тавин өгүүлж би чадахгүй нь.

Бүлэг залуусын дайрах бараанаар ойрхон байгаа бут руу мөнгөө шидчихдэг, дараа нь эргэж ирээд олж авна гэж тэрхэн зуур сэтгэх нэгэн байх ч эргэж ирэх баталгаа түүнд байгаа ч уу үгүй ч үү, эргэж ирсэн ч олдоо ч уу, үгүй ч уу хэн мэдлээ...

Улаан наранд өдөржин алхаж эцэж цуцсан, өлсөж цангасан эдгээр хүмүүст адилхан хар арьстай Африк залуус юунд ингэж хайр найргүй хандана вэ? Харсан бүгдээ хамах нь тэдний эрх бөгөөд зодож жанчилгүй өнгөрнө гэвэл эндүүрэл. Заримынх нь цусыг үзэж бахаа хангана. Тэднийг толгой дараалан буудаж орхисон ч энэ хэргийг хэрэгсэх орчлон тухайн нөхцөлд үгүй мэт. Тамын амьдралыг өөр нэгэн тамаар, магадгүй бүүр ч дор тамаар сольж байгаагаа тэдгээр хүмүүсийн олонх нь мэддэг ч тэр тухай урьдчилан бодохыг ч хүсдэггүй юм.

"Тэд биднийг үзэн яддаг. Хэлсэн мөнгийг нь өгөөд ганц хоёр зодууртай салбал бидний аз" гэж өгүүлэх газарчинд амиа алдахад ойрхон иймэрхүү золгүй учралын гашуун түүхүүд олон байдаг. "Хүмүүс өөрсдөө энэ замыг сонгож байна" гэх тэрбээр 20-иос ч олон удаа цагдаад баривчлагдаж байсан түүхтэй.

Би их олон явж байна, үр дүнгүй төгсгөл ирсэн ч амьд явахын тулд хэд хоногийн дараа дахиад л ингээд замд гарахаас өөр аргагүй байдаг гэх нэгэн байхад хэдэн өдрөөр хэлэн дээрээ юу ч тавиагүй хүмүүс ч тэдгээр хүмүүсийн дунд олон байлаа.

Ийнхүү Өмнөд Африкийн хил дэргэд атлаа зориод алхахад даан чиг хол ажээ...

Ямар хохирол амсав гэж дээрмийн бүлгийнхнийг одсоны дараа асуухад "Мөнгөө алдлаа, бас зодууллаа" гэсэн эмэгтэйн нүд гунигаар дүүрэн байлаа.

         - Хэдийг алдав?

         - 240

         - Зимбабви Доллар уу Ранд уу?

         - Ранд

240 Ранд нь Өмнөд Африкт хууль бусаар орогногчдын олж хийх хар ажлын сарын цалингаас хэд дахин бага ч хамгийн хямд NOKIA загварын хоёр ч гар утас авах хэмжээний мөнгө тул дэлхийд мөнгөний инфляцийн өсөлтөөрөө дэндүү хол тасархай тэргүүлж байгаа Зимбабви улсын иргэдийн хувьд энэ нь чамлахааргүй мөнгө юм.  

Паспортаа аваад ёс журмаар нь хил гарч болохгүй юу гэхэд Зимбабвид паспорт авна гэдэг боломжгүй зүйл гэж хариулсан билээ.

Өмнөд Африкийн бүлэг танхай залуусын дээрэм, зодуураас холуур өнгөрөхийн тулд дөт замаа мушгирч тойрсон урт замаар солих нь энүүхэнд. Зарим нь Мозамбик улс руу нэвтэрч, урьдчилан тохирсон унаанд дайгдан Өмнөд Африкийн зүүн хойд үзүүр хэсгийн Кругер Үндэсний Парктай залгаа зэрлэг бутанд хүрч, тэндээсээ Кругер Паркаар дамжин Өмнөд Африкт хөл тавьдаг. Туйлдаж ядарсан, өлсөж цангасан тэдний зарим нь араатан амьтдын идэш болдог тухай "Диваажин руу" бичлэгтээ өгүүлж байсныг уншигчид мартаагүй байх. Нэг хүртсэн бол дараагийн удаад ч дахих хүсэл амьд амьтан болгонд байдаг хойно энэ мэт замаар хүний цусыг амталсан араатан амьтад паркийн хамгаалагчид руу ч довтлох аюул нүүрлэдэг.

Зимбабви улсад ажилгүйдэл эдүгээ 90 хувьд хүрсэн нь тухайн улсын иргэдийн хэчнээн нь байнгын өлсгөлөн хийгээд тамын хар амьдралаар амьдарч байгааг дурдахын ч эцэсгүй агаад тамын орны төрхөө хэрхэн олсон талаар "Бутны цэргүүд" бичлэгтээ цохон тэмдэглэсэн нь бий.

Өмнөд Африкийн хилийг даваад хол зам туулсаар хурдны замд тулж ирсэн даруйдаа өнөөх газарчин утсаараа урьдчилан тохиролцсон машинтай нөхдийг дуудаж, газарчны зааврын дагуу жолооч нар цувран ирж замын хажуугийн бутанд нуугдан хүлээх хүмүүсийг хэд хэдээр нь хуваан яаран сандран машиндаа суулгаад авч одлоо.

Өмнөд Африкийн хилийг баригдалгүй туулж чадсан ч аль ч хот дүүрэг, гудамж талбайгаас хэд хоногийн дараа эсвэл ийнхүү зольсон урт хугацааны түгшүүрт "аялал"-ынхаа хэдхэн цагийн дараа ч баривчлагдаад, буцаад л Зимбабви улс руу ачигдах, аз таарвал хэдэн зуун Ранд-аар цагдаа нарыг хахуульдаад салах эсвэл эх орон, ар гэртээ хэзээ ч эргэж ирэлгүйгээр Өмнөд Африкийн балмад хар залуусын гарт үрэгдэж ч мэдэх гээд байнгын айдас түгшүүр, ялгаварлан гадуурхлын дор хүн-хувь тавилангаа боолын нийгэмд даатгаж, хувьгүй амьдралынхаа төлөө эцэс төгсгөлгүй, тодорхойгүй замналыг эрсэн, золгүй Африкчуудын эмгэнэлт хувь заяаны тасархайнаас товч хүргэхэд ийм ажгуу.

Зөвхөн Зимбабви ч бус Малави, Мозамбик, Судан, Конго, Замби, Сомали, Нигери гээд Африкийн олон улсын иргэд энэ мэтчилэн хууль бусаар Өмнөд Африкийн хилийг давдаг. Ийнхүү хил зөрчих этгээдүүдийг "Border Jumpers" гэдэг бөгөөд өлсөж цангахын эрхэнд, амьдрахын эрхэнд тэд ийнхүү амиараа дэнчин тавин цуварсаар. Энэ хүн-цуваа магадгүй хэзээ ч тасрахгүй, тасалдах ч үгүй биз ээ.

Тэднийг буруутгах аргагүй ч зөвтгөж ч бас чадахгүй нь...

 

Тайлбар

Ранд - Өмнөд Африкийн мөнгөн тэмдэгт

Өмнөд Африкийн харууд Африкийн бусад орны иргэдийг эх орноосоо хөөх нэрийн дор ялгаж танихын тулд тааралдсан болгоноос өөрийн омгийн хэлээр үг асууж, хариулж эс чадваас гадны иргэн хэмээн үзэж, шууд зодож бэртээх түүнчлэн амьдаар нь хүртэл галд шатаасан тухай "Харуудын тухай хэдэн үг" бичлэгт товч өгүүлсэн буй. Энэ мэт хар түүх давтагдахгүй гэх баталгаа үгүй бөгөөд үе үе хүчээ авсан нутгийн харуудын ялгаварлан гадуурхлын давалгаа одоо ч зогсоогүй үргэлжилсээр...

 

5 одтой тамд ирсэн хүмүүсийн дүр зураг иймэрхүү...

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Oyuna | 2009-07-25 06:41:09
мөрөөдлийн их аяндаа сайн явж байна уу эрэлхэг зоригт бүсгүй минь

аймаарын...
2. Oyuna | 2009-07-25 06:43:33
манай энд бас Мексикчүүд хөлийн чадлаар алхан орж ирдэг тухай ТВгээр үзэж байв бүүр нялх хүүхдээ тэврээд дагуулахыг нь дагуулаад алхаад явж байхдаа хэзээ энд ирж ямар амьдралаар амьдарна гэж явдаг юм бол доо гэж хүртэл бодогдож байв даа тэр нэвтрүүлгийг үзээд...

хүний амьдралаа гэж янз бүр байх юм даа
3. delgeen | 2009-07-25 06:58:03
xetsvv yum daa dvv mini bolgoomjtoi l baigaarai daa xorxoi shavij bas deerees ni deeremchingvvd geed l xetsvv l gazar yum shig ee gexdee baigaliin saixaniig baxarxuushtai vzvvshtei met gexdee naana chini saixan setgeltei xvmvvs taardag l baix daa ter talaar bichvel xi xi/ nutagiin uuguul irged /
4. amanjinka | 2009-07-25 07:49:18
мууухай юм
5. nini (зочин) | 2009-07-25 08:35:22
Хөөрхий тэр хүмүүсийн цаашдын амьдралд нь арай багахан саад учраасай билээ дээ. Аялалд чинь амжилт.
6. soko (зочин) | 2009-07-25 09:43:17
gehdee oyunaa meksikuud chin bas gaigui ee tegeed davaad orood irdiin yamar ch bsn zamdaa deeremduuldeggui l yum shig bgan. harin ednuus chin yostoi zovj bj hil davdag bh ni ee aimaar yum
7. saikhnaa (зочин) | 2009-07-25 11:28:07
ulsuj tsangasan humuus yu ch hiihees butsahgui. aimaar yumaa bolgoomjtoi yavaarai.
8. m (зочин) | 2009-07-25 11:38:15
энд ороод нэтээр өөр хоорондоо тоглож болдог юм. шинээр нээгдсэн монгол саит.
тэтрис тулаан, рэнжү(манайхаар о экс гэсэн үг), шатар зэрэг бий.

вэб хаяг: togloom.net
9. angelic_universe | 2009-07-25 12:27:33
Аяласаар л байна уу?
10. apabst | 2009-07-25 14:43:39
би африкаас европ руу хил давж орж ирдэг тухай баримтат кино үзэж байсан юм байна нээрээ аймаар юм билээ. Өчнөөн мөнгө төлчөөд "шатах " нь бол энүүхэнд ... Нээрээ энэ мань мэт төсөөлөөгүй байсан зүйл. Хичнээн саад бэрхшээл давж ... аймшиг. тэрний төлөө үхэн хатан зүтгэж байгааг харахаас нэг бодлоор өрөвдмөөр...
11. Myrlin | 2009-07-25 19:02:23
Шинэ өдрийн мэнд Банжигийн андуудаа,

Нутгийн уугуул иргэдийн талаарх сайн, сайхан зүйлсийг өгүүлнэ гэж нэгэнтээ амласнаа би мартаагүй яваа ч тэр тухайд надаас ихийг хүлээх хэрэггүй шүү гэдгийг заавал хэлмээр байна. Магадгүй миний эндэх амьдрал тэднээс хэт хол байдагтай ч, нийгмийн амьдрал нь ч өөрөө эрүүл бус оршдогтой холбоотой биз.

Танил тал, хамжих ахан дүүсгүй хүмүүс ийм замыг туулдаг тул энэхүү мэдээллийг уншигч олон маань нэг талыг барилгүй, бодлоготой хүлээж аваарай гэж хүсэх байна.

Зочилж, сэтгэгдлээ үлдээсэн дээрх хүмүүстээ баярлалаа. Удахгүй Мөрөөдлийн аяллаа үргэлжлүүлэх болно.
12. gan-yalalt (зочин) | 2009-07-26 11:23:20
sain yabj baina uu.zorigt ayalach busgui min. tiim shuu. mungugui tanil talgui hen ch tuuldag amidral gej bi boddog
uchir ni gants haruud bish aziin olon irged iim zamiig tuulj amerik ruu temuuldeg tuhai albanii humuusees sonsch baisan yum baina.solongos yapon hyataduud mash ih.suuliin ued mongolchuud ers nemegdeh bolson gej yarij baisan.
13. molor | 2009-07-26 11:37:25
энх цагт ийм амьдрал зэрэгцээд оршиж байхад зүгээр л нэг хүнтэй ам мурийсны төлөө амиа зольж байгаа шившигүүд энд олон бх юм даа
14. VperV (зочин) | 2009-07-26 18:35:17
Нутагтаа байвал өлсгөлөнгөөр үхэх магадлал бараг 100хувь.Аюултай ч гэсэн гараад явбал дээрхи 100хувь багасна.Далайгаар Италийг зорьж байгаа харуудын зам бүр аймаар.Яаж ийгээд Италийн эрэгт газардаж байгаа тэр хүмүүсийн харцыг би харсан.Баяр хөөр, итгэл найдвар,амьдралын ялсан бахархалын нулимс,өөр ертөнцийн өмнөх гайхшрал...Дараа нь тэднийг хүлээж буй эндэх амьдрал бэрхшээл, ажилгүйдэл, асуудал бол юу ч биш. Тэд цаашаа явна тархана,суурьшина, үр хүүхэд гаргана,өөрийн бизнессээ оргүй хоосноос эхлэнэ, амжилтанд хүрнэ, сүм байгуулж байна тэр ч бүү хэл. Харин тэдний дэргэд биднийг гадаадад гаргаж байгаа шалтгаан арай элит өндөр зэрэглэлийнх гэхүү дээ. хэхэ...эсвэл дэндүү цамаан,ухаангүйнхүү? гэхдээ л Африкт тийм хэцүү байхад гэж жишиж болохгүй л дээ.
15. dembee (зочин) | 2009-07-26 19:36:54
burhanii hairtai huuhduud mongol hun bolj mongol orond tordog yum
16. JIooBдон | 2009-07-27 17:42:02
аяаяаяяаа африкчууд гэж зовцорсон улсууд шүү.
17. Жиргээ | 2009-07-28 09:32:05
bid jargaltai Mongoliin irged shuu...
18. leo | 2009-07-28 13:20:17
хэцүү юмаа түрүүн бас баахан сонин зураг үзсэн
19. *САЙХАН САНАА* | 2009-07-28 17:28:36
ай даа.. мексикүүд америк руу дүрвэх гэж.. урт хонгиол бэлдэн түүгээр өчнөөн цаг мөлхөн гардаг тухай үзэж байсан...

харин энэ Африкийн эмгэнэлт явдлыг бол төсөөлөшгүй зовлон юм аадаа..

азтай монголдооо төрсөндөө бахархаж л сууя даа..
20. amanjinka | 2009-07-30 01:17:05
сайн уу хө хэд хоног ороогүй бсан ашгүй шинэ юм оруулаагүй бна хэ хэ оруулчихсан болуу гэж бодоод байсын
21. amanjinka | 2009-08-03 00:32:00
сайн уу хө яагаад ойрдоо таг чиг болчихвоо?
22. Myrlin (зочин) | 2009-08-03 17:01:08
Сэтгэгдлээ үлдээсэн олон анд нартаа маш их баярлалаа.
Та бүхнийг өөрсдөө тунгааг хэмээн хамтдаа ярилцаагүй билээ.

*Аманжинка,
Интернетийн шинэ нэгжээ хүлээгээд ийнхүү таг болсон. Харин өнөө орой шинэ бичлэгээр эргэн уулзмуу.
23. ттулга (зочин) | 2009-08-04 12:29:27
сонирхолтой байсан шүү
24. chimeglen | 2009-08-11 11:26:03
sonirholtoi yum aa. and mini. neg l tiim adal yawdalt zohiol shig sanagdlaa...
25. medicalscience | 2009-08-18 12:26:16
aimar amedral baina shuu
26. Myrlin | 2009-08-19 09:05:13
Ттулга, Chimeglen, Medicalscience,

Зочилсон та нартаа баярлалаа.
27. Өвлийн өвөө anjigai | 2009-09-03 05:05:35
Аймаар юм даа.
28. Hilde | 2009-09-06 16:57:05
хэцүү хувь тавилантай хүмүүс юм даа... хаана төрөхөө захиалах биш дээ хүн гэдэг. заримдаа ийм л газар хүн болж төрөөгүй дээ баярлах ч шиг ....
29. † IMP † | 2009-09-06 17:07:09
2009-09-03-нд NASA гаас албан ёсны мэдэгдэл гарсан байна.09-р сарын 09 ний өдөр 15 цаг 17 минутанд Сириус гаригаас асар хурдаар ирж байгаа 800 метрийн диамэтртэй асар том солир АНУ-ын Лос Анжелес хотын нутаг дэвсгэрт унах гэж байна.Ингээд дэлхийн сүйрэл эхэллээ.CNN.Цааш нь дамжуулна уу !!!!!!
30. Бүсгүй | 2009-10-06 01:46:31
аймаар юм

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.