Хөхөртөн цэнхэртэх ус, тэнгэр хоёроос өөр торох юмгүй Африк тивийн хамгийн өмнөд цэг, эх газрын хошууны төгсгөл дээр "Үүнээс цааш газар үгүй" хэмээн тулаад зогссон тухай өмнөх бичлэгтээ тодорхой өгүүлсэн билээ.
Далайн хүйтэн уснаа зөөлөн элсийг нь нураан шигдэн шигдэх хоёр хөлний минь нэг нь Атлантын их далайд, нөгөө нь Энэтхэгийн их далайд давлагаанд нь цохигдон зогсож байна гэхээр эх дэлхийгээ бүхэлд нь эзэгнэчихсэн мэт ер бусын бишрэм бодол төрж, түүнийг дагаад оюун санааны хязгааргүй ертөнцөд олон жимээр холбогдож эцэс төсгөлгүйгээр бодол хөврүүлж зогссон билээ л.
Яг эндээс, хөл дор минь хоёр их далай учран золгодог, бас эндээс тэд өөр өөрсдийн нэрээ тээсээр салдаг гэхээр дэлхийн энэхэн орон зайд ирсэн хүмүүсийн бодол санаанд өөрчлөлт орох нь ч аргагүй юм.
Хэрвээ би асар нарийн мэдрэмжтэй нэгэн байсан бол баруун хөл минь хүйтэн усыг, зүүн хөл минь бүлээн усыг тус тус мэдрэх байсан биз.
Хэрвээ би аварга том биет байсан бол Африкийн баруунаа цав цагаан торгон элс бүхий эргүүдээр зугаалж, зүүнээ шав шаргал зөөлхөн элсэн далайн эргүүдэд тухалж, өглөөний ургах нарыг Энэтхэгийн далайн тэртээгээс харин үдшийн жаргах нарыг Атлантын далайн цаанаас бахдан тольдож жаргалтай гэгч нь суух байсан биз.

Хоёр их далайн уулзвар буюу Африк тивийн хамгийн өмнөд цэг Гэрэлт Цамхаг дээрээс

Агулас буюу Африк тивийн хамгийн өмнөд цэгийн далай орчмыг "Хөлөг онгоцнуудын оршуулгын газар" хэмээн нэрлэсээр ирсний бас нэгэн учир нь далайн өтгөн манан буудаг болон далайн ээлж дараагүй мэт асар том адгуу давлагаанууд, усан дор халхлагдан орших ирлэсэн лугаа адил хурц шөвгөр хад цохио зэргүүд нь дор хаяж 140 гаруй усан онгоцыг төөрүүлсэн, осолдуулсан, живүүлсэн, тэр хэмжээгээрээ ч түмэн хүний амийг авч одсон хар түүхүүд олон байдгаас үүдэлтэй аж.
Архи дарсны лонхнууд, мөнгөн тэмдэгтүүдээс эхлээд сүйрсэн хөлөг онгоцны их бие, хэсгүүд ч далайн эрэгт давлагаагаар дайгдан шидэгдэж орхигдсоны нэг нь 1877 оны 11-р сарын 6-нд далайд осолдсон хөлгийн хошуунд байрлах хүн дүрс бүхий толгойг хоёр их далайд сүйрсэн хөлөг онгоцнуудын эмгэнэлтэй золгүй олон түүхийг төлөөлүүлэн Гэрэлт Цамхгийн өмнө байрлуулжээ.

Л' Агулас-ын эрэг орчмын далайн ус их гүехэн тул загасчлахад хамгийн тохиромжтой газруудын нэг гэгддэг. Энд байгалийн төрхөөр нь байгуулсан далайн түрлэгийн усан сан болон чулуутай усан сангууд ч бий.
Далайн эрэг дэх усан сангууд

Хоёр далай бүхий эргийн баруун эрэг буюу Атлантын далайн эргийг даган Suiderstrand гэдэг жижиг тосгон, тосгоны араар Агулас Үндэсний Парк хүрээлсэн байдаг нь бас нэгэн үлгэрийн гайхалтай ертөнцийг цогцлоодог гэж хоёр далайн эрэг дагуух энэ нутгаар алхсан, аялсан хүмүүс дуу алдан өгүүлдэг юм билээ.
Ганцхан далай хэрхэн хуваагдав?
Хязгааргүй цэлийх их далай тус бүрдээ өөрөөр нэрлэгдэн салах нь далайн амьдралыг хангагч далайн урсгалууд, далайн температурын өөрчлөлт болон ууршилт, эх газар далай хоёрын цаг агаарын нөхцөл байдал зэргээс үүдсэн ба ийнхүү тусад нь нэрлэх болсон нь хүн төрөлхтөн бидний хийсэн зүйл ч угтаа бол хоёр далай хоорондоо бие биенээ ялгаж таньдаггүй юм.
Далайн амьдралыг тэтгэгч далайн урсгалууд нь хэдэн янз бөгөөд жишээ нь: Энэтхэгийн далайн Экваторын бүлээн урсгал нь Мадагаскар-т хүрээд Зүүн Африкийн эргийн, Мозамбикийн гэсэн 2 урсгал болон хуваагдаж салдаг, харин Мозамбик урсгал нь Мадагаскар өнгөрөөд эх урсгал болох Экваторын урсгалтай эргэж нийлэн аажмаар температур нь буурсаар Агулас урсгалыг үүсгэдэг аж.
Далайн урсгалаас шалтгаалж далайн амьдрал ч өөр өөр байдаг. Олон нэр төрлийн загас жараахай, далайн амьтад, далай гүн дэх өвс ургамал, үзэсгэлэнт шүрэн хад гээд эдгээр нь тухайн урсгалаа дагаад далайдаа янз бүрээр тархан оршдог.
Агулас урсгал нь Бенгуэла урсгалд хүрээд төгсгөл болдог бөгөөд Бенгуэла урсгал нь Атлантын далайн Өмнөд Атлантикийн урсгалаас салаалсан хүйтэн урсгал юм.

Африкийн баруун-урд эргийн байгаль орчин болоод далайн амьдралд Бенгуэла-гийн урсгал асар их нөлөөлдөг, тиймээс ч энэ хүйтэн урсгал нь олон янзын далайн амьтдаар мөнхөд хангаж байдгаас баруун эрэг орчмоор загас агнуураар дагнасан загасчдын байшин, тосгон суурин олноороо үргэлжлэн сүндэрлэж байдаг билээ.
Далайн хав, далайн шувуу, Африкийн пингвин, Ганнет нь Dassen, Ichaboe, Malgas, Marcus, Jutten, Plumpudding, Roastbeef, Mercury зэрэг Африкийн баруун-урд эргийн ойролцоох бяцхан арлууд дээр үүрээ засдагаас эдгээр арлуудаас жил бүр их хэмжээний сангасыг ачиж зөөвөрлөн усан үзмийн талбайд бордоо болгон ашигладаг тухай ер бусын хачирхалтай түүхийг Ichaboe арлаар жишээ болгож "Сангасны төлөөх их шуурга" бичлэгтээ дэлгэрэнгүй өгүүлж байсан удаатай.
Мөн Dassen арлын тухай өгүүлсэн "Пингвиний арал" /1930/ гэсэн номондоо Dassen арлыг байгалийн 8 дахь гайхамшиг хэмээн Cherry Kearton онцлон тэмдэглэсэн нь ч байдаг. Энэхүү арал нь Африкийн пингвиний диваажин гэгддэг бөгөөд 1910 онд тус арал дээр 1,45 сая нас бие гүйцсэн пингвин байсан ба тэдний сангас тухайн үедээ 9 метр зузаан болсон байжээ. Харамсалтай нь, далайд хөвөх усан онгоцнуудаас ялгарах тос, бие биенээсээ өрсөн далайн амьтдыг их хэмжээгээр шүүрдэх олон янзын компани, хүмүүний нөлөөллөөс үүдэн арал дээр үүрээ засах пингвиний тоо толгой 10.000 болтлоо цөөрчээ. Дэлхийн хаана ч биш, зөвхөн Африкийн өмнөд хэсэгт оршин тогтнодог Африкийн пингвин одоогийн байдлаар 180.000 орчимд хүрсэн гэсэн тоо баримт бий.
Бенгуэла-гийн урсгалтай Атлантын далай буюу Африк тивийн баруун-урд эрэг орчмоор хангалттай аялсан аяллын энэ мэт тэмдэглэлүүд өмнөх бичлэгүүдэд олонтаа дурдагдсан бол энэ удаа Африк тивийн хамгийн өмнөд цэгийг дайраад, цаашлан зүүн зүг, Энэтхэгийн далайн эргээр шуудхан хэлбэл, хүйтэн далайгаас бүлээн далай руу би зорьж яваа буюу Агулас урсгал бүхий далайн эрэг орчмоор аялал маань үргэлжлэх юм. Тиймээс ямар далай үзсэн нь гол биш, чухам ямар урсгалтай далайд очив гэдэг нь далайтай ханьсах дуртай нэгэнд нь чухал мэдээлэл болох болов уу...
Аяллын давчуухан цагаасаа зориуд илүүчилж хоёр их далайгаас билэгдэж түүсэн дун хясаа, мөн энэ түүхэн цэгээс одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар буй, цэлмэгхэн тунгалаг үдэш 60 км-ийн зайд гэрлээ цацруулах чадвартай Гэрэлт Цамхгийн музейд зочилж, цамхгийн оройд нь хүртэл авиран гарч, хоёр далайн омголон салхинд алгадуулахдаа ихэд эмээн тулгуурыг нь чамгүй сайн тэврээд бээрэн зогсож ойр орчноо тольдсон, мэдээллийн төвөөс дурсгал болгож авсан ил захидлууд гээд энд өнгөрүүлсэн цаг хугацаа амьдралын минь хамгийн эрхэм нандин түүх болон үлдэх нь гарцаагүй ээ.
Энд хүрч өөрийн мөрөө гаргаагүй ч эндээс авсан дурсгалын ил захидлын эзэн болсон, аяллын түүхийг минь шимтэн уншдаг, алсад суугаа нэгэн анд найздаа амалсныхаа дагуу ийнхүү Африк тивийн хамгийн чухал цэгээс блогоороо дамжуулан мэндчилж, ирээдүйд нэгэн цагт энд ирж хоёр их далайн усанд нэгэн зэрэг зогсонгоо эх дэлхийгээ эзэгнэчихсэн мэт энгүй эрхэмсэг бодолд умбан жаргахыг хүсээд, хоёр далайн эргээс би одлоо...
Тайлбар
Экваторын урсгал - Equatorial Current
Зүүн Африкийн эргийн урсгал - East African Coast Current
Мозамбикийн урсгал - Mozambique Current
Агулас урсгал - Agulhas Current
Бенгуэла урсгал - Benguela Current
Өмнөд Атлантикийн урсгал - South Atlantic Current
Ганнет - Gannet /Хамгийн их дуу чимээ гаргадаг хэрүүл шуугиантай шувуу. Харсан үзсэн болгоноо идэхэд бэлэн байдгаас шунал гэсэн үгнээс үүдэн ийнхүү нэрлэжээ/

Сэтгэгдэлүүд:
Дотнын үгээр угтсан Аманжинка, Болор7эрдэнэ, Ss-gogo, Bataa_b9, Алтаргана, Luza, Ган-Ялалт, Oyuna, Ttulga1977,
Та нартаа маш их баярлалаа.
Явсан, дайрсан газар болгоноо зүгээр нэг хараад өнгөрдөггүй, мэдээлэл цуглуулж бодож тунгаадаг нь туршлага болжээ. Бас уншигч олныг давхар мэдрэмжтэй байгаасай гэж би хүсдэг.
Бидний эх гэр болсон дэлхий хэмээх ертөнцийн хувьд далай том орон зайг эзэлдэг ч түүнийг юу гэж дуудах нь чухал бус, харин далайн амьдралыг нь тэтгэгч УРСГАЛ нь илүү чухал гэдгийг давхар ойлгуулах гэж зорьсон билээ...
Бас ХОЁР ДАЛАЙН БЭЛЧИР гэж сайхан нэр томьёог олж харлаа.
Зочилсонд баяртай байна.
*Apabst,
Европын газар нутаг жижиг, хоорондоо ойрхон, тээвэр хөгжсөн гэдэг талаасаа нэг очвол бүгдийг үзэх боломжтойгоороо давуу. Европын олон сайхан хотуудаас бичлэгээ хүргээрэй анд минь.
*Handgai,
Ерөнхий нэг ойлголтыг дахин давтахад, Энэтхэгийн далай бүлээн дулаан урсгалтай тул цаанаасаа л pleasant, харин Атлантын далай хүйтэн урсгалтай тул үүнээс өөр сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж. Гэхдээ тэнд учрах далайнууд бие биенээ ялгадаггүй учраас тэр агшинг таньж харах боломжгүй. Угтаа бол ширүүн давлагаа, дөлгөөхөн тогтуун байдал нь аль ч далайд байдаг билээ. Харин аварга биет байсан бол тэр ялгааг нэгэн дор Африкийн 2 зүг рүү тольдож харьцуулан ажиглаж бололгүй яахав.
Сонирхолтой асуулт байлаа.
Сэтгэгдэл үлдээх: