Алхаж л болохгүй...

Жич: Гүйлтээр хичээллэдэг, хичээллэх дур сонирхолтой, нас үл харгалзах хэн бүхэнд энэхүү бичлэгийг зориулж үйл явдлыг тодорхой өгүүлсэн болно.

Өглөөний жихүүнд тухайн газрыг олох гэж гудам, өргөн чөлөөний нэрийг гайгүй сайн харж явсан ч хэсэг төөрч будлисаар хүссэн газраа ирэхүйд гудам машинаар хахаж, зарим эзэд замын хажуугийн нарийхан зүлгэн дээр машинаа тавиад, яасан нь мэдэгдэхгүй урагшилж ядах замын хөдөлгөөнөөс залхсан хүмүүс ч бас машинаасаа бууж хувцсаа нимгэлээд нэг л зүг рүү яарч харагдана.

Эртлэн боссон ч гэлээ яг одоо надад 30 хүрэхгүй минут үлдсэн байв. Машинаа тавих зайтай газар хайгаад нэмэргүй бас энэ их урсгал хаана, хэдийд төгсөхийг мэдэхгүй байсан тул бэлэн мөнгө, саравч хоёроо шүүрч аваад замын голд нөхрөө орхиод энд тэндээс гүйлдэх хүмүүсийг даган гүйж эхэллээ.

Урд өдөр нь бэлдсэн гүйлтийн хос хувцсаа сольж өмсөнө, цэврүү үсэрсэн хөлийн хуруунууддаа шархны лент наана, гүйхээсээ өмнө хүч тамирын ундаанаасаа ууна гэх зэрэг төлөвлөгөөтэй байсан ч нөхөртэйгээ хаана, хэдийд эргэн уулзахаа ч ярилцан тохиролцож амжилгүйгээр түмэн хүний хөлд хэдийн орж явчихаж байгаагаа би мэдэж байв.

Хагас км гүйсний дараа хашаанд орж ирэн олны урсгалыг зүсэн учраа олохгүй ийш тийш харан эргэлдэн зогстол "Бүртгэх газар тэнд" хэмээн нэгэн хар залуу анхаарал тавив. Уртаас урт үргэлжлэх дугаарт очиж зогсохдоо "Урьдчилан бүртгүүлэлгүйгээр дахиж л тэмцээнд оролцохгүй юм шүү" гэж хатуу бодсонсон.

Би 10 км-т гүйх юм, энд дугаарлах нь зөв үү гэж ардаа зогсоо намхан залуугаас лавлавал "Чи зөв газраа зогсож байнаа" гэсний дараа мөн их хүн иржээ гэх мэтээр бид хоёр дуугүй байсангүй. Хааяа иймэрхүү цугласан олны дунд орохоор Монгол Наадмын дурсамж сэдэрдэг нь үргэлж машинтай зорчдог, тийнхүү зорчихоос ч аргагүй орчин нөхцөлтэй холбоотой биз ээ.

5 км, 10 км, 21 км гэсэн тэмдэг бүхий ширээнүүд эгнэсэн байх ба 10 км-ийн ширээнд очоод яг тааруулж авчирсан 40 Ранд-аар түр зөвшөөрөгдсөн дугаар худалдан авч нэр усаа бичин энгэртээ торгоогоод, 10 км-ийн зайд гүйж буйг илтгэх жижигхэн шар хуудсаа ташаандаа зүүгээд олны дунд орж зогслоо. Тийн зогсоход хүмүүсийн нүд бие биенийхээ энгэр дэх дугаар луу чиглэх нь дугаарын дор тухайн хүний нэр, нас, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл бичигдсэн байдаг ч олонхи нь бөглөөгүй хоосон орхисон харагдана.

Хэсэг хугацааны дараа буун дуу сонсогдсон авч хүмүүс хөдөлгөөнд ороогүй тул 21 км-ийн зайн оролцогчид эхэлж гараанаас гарч байгаа байх нь хэмээн бодсон ба нэлээд хугацааны дараа хүмүүс урагшилж том хаалгаар гараад гудамжинд залгангуутаа гүйж эхэлж байгааг үзээд уралдаан эхэлсэн гэдэгт итгэхэд ч бэрх санагдсаныг нуух юун. Бөөгнөрсөн олны дунд гүйнэ гэдэг хэцүү тул бас л замаас гарч замын хажуугийн зүлгэн дээгүүр цөөн хэдэн хүнийг дагаад гүйхдээ их л олон бүлэг хүмүүсийг ардаа орхисон санагдсан ч шулуун зам өгсөж ирэхүйд урдах замыг бүхэлд нь бүрхэх түмэн хүмүүс алган дээр мэт тод үзэгдсэнд тэр олон хүмүүсийг хэзээ ч гүйцэж барахгүй гэсэн урамгүй бодол төрөөд авсныг ч дурдах учиртай. Хэдэн мянган хүн өмнө минь бөглөж байснаас гараанаас гарах буун дуунаас хэзээ хойно би гүйж эхэлжээ гэдгээ тэгэхэд л бүрэн ойлгосон билээ.

Замын уулзвар бүр дээр содон хантаазтай Маршалууд туг барин зогсож гүйгчдийг чиглүүлэхийн сацуу машинуудыг хаасан байх ба чухам тэр ажлыг гардан хийх ёстой дүрэмт хувцастай Африк замын цагдаа нар үүнийг далимдуулан ажлаа мартаа юу гэлтэй хэд гурваараа бөөгнөрөн замын хажууд ярилцан зогсоо нь харагдана. Туршлагатай тамирчид тэдгээр Маршалуудад хандан "Баярлалаа Маршал аа" хэмээн зөрөх дуулдана.

Хүлээж тэвчээр нь барагдсан зарим нэг жолооч нар оролцогчдын урдуур өрсөн тэмүүлэх нь гүйж яваа хүмүүсийг бухимдуулж байгааг ч үзэв.

Нэгэн зүгт гүйлдэх олны урсгалаас цойлон гарч зам буруулан гүйлдэх ганц хоёр хүн модны араар орж бие засч байгааг нь ч харав.

Зам эрээлэх шүлс нусыг тойрч, дээгүүр нь харайх зэргээр урагшлавч дэргэдэх эрчүүд ч шүлсээ нулимаад хаячих нь дургүйг минь хамгийн ихээр хүргэж байгааг ч мэдэв.

Уснаас дөнгөж саяхан гараа юу гэлтэй үс гэзэг, хүзүү нуруу нь нойтон үзэгдэх цагаан эмэгтэйн ард гүйж явахдаа хөлс нь нүүрэн дээр үсрэхийг ч мэдрэв.

Хар гэлтгүй зарим нэг цагаан хүмүүсийн араас гүйж явахад хэзээний танил эвгүй нэгэн үнэр үе үе сэвэлзэх. Яаж ч хөлөрлөө гэсэн Монгол хүний биенээс тийм үнэр ялгардаггүй нь бахархмаар...

Зүүн гар талд 6 гэсэн тэмдэг нүднээ тусахад 6 км гүйсэн эсвэл 6 км өмнө минь хүлээж байгаагийн аль нь болохыг мэдэн будлисан ч дараагийн удаад таарсан 7-гийн тоог хараад 7 км-ийг ардаа орхижээ гэж ойлголоо.

Өгсөлт байн байн үргэлжлэх нь энэ удаагийн тэмцээний зам амаргүй, хатуухан байгааг илтгэх ба зогсох нь бүү хэл алхаж л болохгүй юм шүү гэж өөртөө байнга сануулж явсан нь энэхүү уралдааны хамгийн гол зарчим минь байсан юм.

Хүмүүсийг хэзээ км-ийн ангиллаар нь салгаж тусгаарлах юм бол гэж гайхахдаа шар хуудас зүүсэн хүмүүсийг нүдээрээ эрж, бас үе үе таарах Маршалуудыг чиглэл өгч магад хэмээн горьдсоор нэг л мэдэхэд хүсэн хүлээсэн 9-ийн тоогоо замын хажуугаас олж хараад нэгхэн км-ийн дараа тэмцээн дуусах нь гэж бодохоос баярлах сэтгэл төрнө гэдэг тоймгүй.

Нэг хүн замын голд зогсчихсон "21 км ийшээ, 10 км ийшээ" хэмээн оролцогчдыг хоёр тийш хувааж, тэндээс шууд л талбай руу туузаар тусгаарласан замаар гүйсээр барианд ирэхэд барианы дээдэх том цаг 1 цаг, 2 минут, 10 секундыг зааж байлаа.

1 цагаас хол хоцрохгүй барианд орно гэдэг миний хувьд маш сайн амжилт бөгөөд гүйлтээр байнга хичээллэдэг хүмүүсийн хувьд Magic Time гэгддэг 53 минутаас өмнө амжиж барианд орох сонирхол их байдгаас Magic Time-аас хэдхэн минутын хойно ирсэндээ бяцхан догдолсон билээ.

21 км-ийн зайн уралдаанаас 2-т орж ирсэн Этиоп улсын тамирчинг зальдсан гэдэг шалтгаанаар дэд байранд бүртгэж аваагүй, мөн эхний 20-д ирсэн хэд хэдэн мэргэжлийн тамирчдыг хүлээн зөвшөөрөөгүй тухай зарлаж байсан ба оролцогчид гараанаас гарахын хэдхэн минутын өмнө дугаар зүүсэн хэд гурван хүн хашааны гадна тэс өөр зүг рүү гүйж зөрсөн тухай тэмцээний дараа нөхөр маань гайхан хэлж байсан нь ч нэгийг өгүүлнэ. Тийнхүү урьдчилан зам товчилсон нөхдүүд гүйж яваа түмэн олонтой замын хажуугийн хаа нэгтэйгээс нийлдэг, замаа харан амьсгаа дээр гүйж яваа оролцогчид тэдгээрийг төдийлэн анзаарах сэхээгүй байдгийг зальжин хүмүүс тооцоолсон байдаг бололтой.

10 км-ийн замыг дуусгасан хүн болгонд саравчтай малгай, харин 21 км-т пудволк бэлэглэж, оролцогчдыг бүгдийг нь хүйтэн Кола-гаар дайлж байлаа.

Тоогоо алдсан хүмүүс оролцсоных биз, зураг авч зарах үйлчилгээ тэнд байгаагүйд сэтгэл гонсойсон ч үргэлж бөөнөөрөө урд хойноо орон гүйсэн хүмүүсийн зургийг авах боломжгүй байсан гэвэл зөв болох байх.

Уралдааныг тайлбарлагч хижээл эр янз бүрийн клубийн байнгын оролцогчдыг сайн таньдаг нь түүний хөгжилтэй яриа, танилцуулгаас илэрхий байсан бөгөөд энэ улсад тохиолддог олон хар гэмт хэргийн нэг болох бусдын орон гэрт халдан дээрэм тонуул хийх дээрэмчдийн буунд өртөж гэртээ харамсалтайгаар амь насаа алдсан нэгэн залууг эргэн дурссан ба тэрбээр олон ч уралдаан тэмцээнд хурд самбаагаа сорьж байсан идэвхтэй оролцогч байжээ.

21 км-ийн замд гүйсэн Африк залуу бариан дээр ухаан алдаж унасан, замын уулзвар дээр нэгэн эмэгтэй оролцогч машинд мөргүүлж хөнгөн гэмтсэн зэрэг бас бусыг эс тооцвол 3000 хол давсан оролцогчтой том тэмцээн амжилттай болж өндөрлөсөн юм.

Миний бие нөхрийнхөө барагцаалснаар 200 гаруй хүний дараа барианд орсон бололтой. Уралдаан тэмцээнд хэдэд жагсах нь чухал бус харин тэндээс сэтгэлийн таашаал, баяр баяслыг өөртөө шингээж авах нь л гол утга учир бөлгөө.

 

Тайлбар

Түр зөвшөөрөгдсөн дугаар - Temporary License /Ямарваа нэгэн клубийн гишүүн биш оролцогч уралдаанд оролцох бүрдээ түр зөвшөөрөгдсөн дугаарыг 15 Ранд-аар худалдаж авдаг ба тэрхүү дугаар нь тухайн тэмцээнд л хүчин төгөлдөр юм. Үүн дээр нэмэгдээд тэмцээнд оролцох эрх нь 25 Ранд-аас эхлээд тогтсон хэдэн үнэ өртгийн хооронд хэлбэлзэж байдаг/

 

Оролцогчид барианд цувран ирсээр...

 

Уралдааныг амжилттай дуусгасан оролцогчдод пудволк бэлэглэж буй нь

 

Өмнөд Африкийн хамгийн алдартай хоол болох Boerewors буюу фермийн хиамыг талханд хавчуулан худалдаалах цэг

 

Туршлагатай тамирчид

 

Дараагийн бас нэгэн уралдааны бүртгэл хэдийнээ эхэлжээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. apabst (зочин) | 2009-08-17 21:23:38
guideggui sh tee ... kkk aygui bol bi guivel uhaan aldsan humuusiin dund bj magadgui l bh shuu kkk
2. medicalscience | 2009-08-18 00:24:25
gaihaltai,
3. LuZa | 2009-08-18 01:11:19
Үнэхээр гайхалтай
Тан шиг ийм сонирхолтой , эрч хүчтэй зоригтой амьдрахыг хүсэх юм даа
4. Эмбий | 2009-08-18 03:20:47
сайхан байна аа гүйлт гэсэн чинь би бас ойр зуур гүйж өөрийгөө жаахан зовоодог юм хэ хэ
5. Oyuna | 2009-08-18 03:21:43
мундаг бүсгүй шүү

гүйх үнэхээр биед сайн гэдэг нь яалт ч гүй мэдэгдээд өмд томдоод ирэхээр гоё юм билээ хэхэ
6. saikhnaa (зочин) | 2009-08-18 03:31:44
tiim shuu. turuuleh chuhal bish durtai sonirholtoi ajlaa hiiij taashaal avah ni hamgiin goe. guigeed bai naiz mini amjilt.
7. buyan (зочин) | 2009-08-18 04:48:57
mash hurdan guijee.. bishirlee.. ih saihan hobby-toi yum bna.. ulam hicheegeed bgaarai..
8. munguu (зочин) | 2009-08-18 04:56:07
Hi,Myrlin
Чи үнэхээр мундаг бүсгүй шүү.
9. Nini | 2009-08-18 05:08:20
Мундаг бүсгүй шүү. Амжилт
10. *САЙХАН САНАА* | 2009-08-18 05:16:42
мундаг аа. тэр мундаг тамирчид бол гөрөөс шиг л харагдаж байна ш дээ... тэр хөл гар мар бол айн тасарсооонннннн
11. Myrlin | 2009-08-18 07:23:40
Шинэ өдрийн мэнд андуудаа,

Гүйлтээр хичээллэдэг болон хичээллэж байсан, мөн байнгын уншигч олон та бүхэн минь таалан уншиж мэдээлэл авахын сацуу сэтгэгдлээ ч мартаагүйд тун их баярлалаа.
Сайхан үгсээр урам дэм хайрласан нь дараагийн уралдаанаа ч сонирхуулан бичих хүслийг өдөөв

БАЯРЛАЛАА ТА НАРТАА.
12. erhtsas | 2009-08-18 07:27:22
Эрч хүчтэй, золбоолог амьдралын чинь тухай уншихдаа баяртай байдаг шүү.
Хамгийн сүүлд 10 жилд сурч байхдаа л гүйсэн байх даа би гэдэг хүн.
Сайн уу, анх удаагаа л үзэж байна, ямар гоё блог вэ...
14. leo | 2009-08-18 13:36:15
сайнуу аниа
уралдахуу нтр хэ хэ олны дунд ороод гүйнэ гэдэг гоё байх даа
15. Nyamka | 2009-08-18 16:19:02
Сайна уу хө сайхан аялал зугаатайл болж байгаам байна даа.
Гүйлт ч хэрэгтэй шүү
16. Julia_976 | 2009-08-18 16:30:22
Хүүхэд байхдаа холын зайд гүйдэг байлаа. Сайхан мэдээлэл байна.
17. gan-yalalt (зочин) | 2009-08-19 02:22:05
ayalaad l guigeed l baina uu busgui min.minii meiliig avsan gej itgej baina.bas hariu huleegeed l baigaa shuu and min...daraagiin guilted chin buun amijilt...
18. Mendee | 2009-08-19 03:58:11
GUIH CH BAS SIAKHAN SHUU ODOO BI GUIHEESEE ONGORSON BHAA TARGALAAD/
DEEHNE NEG GUITEND OROOD 50
MINUT 42 SECUND GUISEN SHUU BI.
ER NI DUNDAJ GUILT 45-50 GESEN
HAIRN OLON ULSIIN ZEREGTEI TAMIRCHID 35-S DOOSH GUIDEG GENE LEE.
BOOR OLIMP ENE TERD BOL 19-20 ORHCIM L GUINE SH DE
19. Myrlin | 2009-08-19 09:39:19
Хариу барьсан нь:

*Эрхцас,
Баярлалаа. Одоо гүйж эхлэхэд ч оройтоогүй. 50-иас дээш насны маш олон эрэгтэй, эмэгтэй хүмүүс өргөн хамрагддаг нь нэгийг хэлээд л байгаа юм гэж би бодно.

*Бялзуух,
Сайн, сайн уу.
Блогт тавтай морил. Сэтгэгдлээ зориулсанд ихэд гялайлаа.

*Лео,
Сайн, сайн уу. Ойрд үзэгдэхгүй их л завгүй байгаа бололтой.
Олны дунд гүйнэ гэдэг дээрх бичлэгт тоочсон зарим нэг зүйлийг эс тооцвол сайхан байлгүй яахав.

*Нямка,
Сайн, сайн уу. Ийш тийшээ холыг зориод тун завгүй явааг чинь амтархан уншсан. Энд эргэн уулзахад таатай байна шүү.

*Julia_976,
Холын зайд гүйдэг байсан гэхээр эргээд сэргээхэд түүртэхгүй хүн байна.

*Ган-Ялалт,
Имайл чинь сая ирчихлээ, их баярлалаа. Энэ 7 хоногийн сүүлээр амжаад хариулна гэж төлөвлөж сууна.
Дараагийн тэмцээнд/4 хоногийн дараа дахиад 10км-т/ амжилт хүссэнд баяртай байна. Тэр тухай бас л сонирхуулах байх.

*Мэндээ,
Таргалж байгаа бол харин үргэлжлүүлээд гүйх хэрэгтэй бус уу.
Хэдэн км-т гүйгээд 50'42" болсноо тодруулаарай.
Мэргэжлийн тамирчид 21 км-ийн зайнд барианд 1 цагаас өмнө ирдэг, бараа нь үл үзэгдэх байдлаар л гүйдэг улсууд байна лээ.
20. Монгол Зон | 2009-08-19 20:28:34
сайн уу Мээрлин, за мундаг гүйдэг юм биш үү чи?
холын зайн гүйлт, кросскантри ч сайхан спорт байх аа, манай хүүхдүүд гүйдэг л юм, тэдний амжилт 10км-т бол 41 мин байдаг шиг санаж байна. сайн дурын урансайханч-гүйгч нар 1/3-ээр удаан байх биз ээ.
21. Myrlin | 2009-08-20 08:44:08
*Сайн байна уу Чабу ах,

Энэ миний АНХНЫ 10 км гэхэд тун дажгүй. Олон оролцох тусмаа туршлага суух байхаа.
Кросскантри/Cross Country/-д оролцож үзээгүй, голдуу хотоос зайдуу газруудад болдог нь явдал ихтэй санагддаг.
Би бол таны хэлдгээр сайн дурын урансайханч-гүйгч нь билээ.

Харин танай хүүхдүүд маш сайн гүйдэг юм байна. Бахархах хэрэгтэй.

Зочилсонд баярлалаа.
22. chimeglen | 2009-08-23 06:13:28
сайн гүйсэн байна шүү, Муrlin. сонирхолтой тэмцээн байна. Дараагийн уралдаандаа улам их амжилт гаргаарай. гүйх гэснээс манайд ч гэсэн ийм тэмцээн зохион байгуулвал их зүгээр юм байна даа. хүмүүсийн эрүүл мэндэд
23. amanjinka | 2009-08-28 21:19:55
сайн гүйжэээ хө эрүүл мэнд гоо сайханд тустай ш дээ би хааяа даа зүгээр л хөгжим сонсооод голын хажуугаар гүйдэг юм
24. javkhlan (зочин) | 2009-08-30 16:40:56
sain guijee. hehe

gehdee temtseenii zohion baiguulalt asar muu baijee. ih ayultai yum baina daa. bichlegees unshaad ene temtseen neg bus udaa boldog ni tosorhoi baina. tiim mortoo zohion baiguulaltaa saijruulchihaj bolohgui l yum baih daa. hehe

za ter ch nadad yamar hamaa baihav.
bichleguudiig chin unshuh durtai shuu. amjilt husie.
25. ттулга (зочин) | 2009-08-31 03:53:11
2км шогшиход л хорвоог тойрчихсон юм шиг болж байна лээ. байнгын бэлтгэл сургууль хийхгүй бол хол гүйх бэтгий хэл алхахад ч хэцүүү байхоо
26. Myrlin | 2009-08-31 08:02:44
Зочлоод сэтгэгдлээ зориулсан андууддаа их баярлалаа.

*Chimeglen,
Баярлалаа. Монголд дулааны улирлаа ашиглаад 14 хоногтоо 1 удаа зохиогоод байвал ч...

*Amanjinka,
Айх эмээх зүйлгүй гүйнэ гэдэг гоё шүү. Гэвч энд байдал өөр, чи мэднэ, тиймээс атаархмаар байна шүү.

*Javkhlan,
Иймэрхүү олон мянган хүнтэй үйл ажиллагаа нь хувь хүмүүсийн итгэлцэл дээр явагддаг. Тийм байдаг, байсаар ч ирсэн нь нийгмийн хүний итгэл, сэтгэлийн түвшнийг харуулсан чухал ажиллагаа юм. Харин тэр дунд өөрийн зохион байгуулалт сайтай оролцох нь миний үүрэг гэж л ойлгодог болсон. Зөв ч юм.
Өөрийн тань блогоор анх удаа зочлоод сэтгэл өндөр гарсан шүү. Дахин зочлоно гэдэгтээ ч итгэлтэй байгаа, баярлалаа.

*Ттулга,
27. Өвлийн өвөө anjigai | 2009-09-03 05:17:44
Өглөө болгон л Анжигай чи гүйх л хэрэгтэй гэж боддог боловч гүйж чадахгүй байгаа хөөн би. Яаж нэг эхлэнэ дээ. Хэ хэ
28. lover_girl | 2009-09-03 06:38:59
Би гүйдэг ухаантай тэр сүүлийн зураг дээр байгаа ази эмэгтэй өөрөө биш бээз эхэхэ
29. Myrlin | 2009-09-03 07:22:29
*Анжигай,
Нэг удаа амжуулвал дараа дараагийнх амархан байдаг гэдэг. Хичээгээрэй, амжилт.

*Lover_girl,
Ижил хүсэл сонирхолтой, сайн дурын гүйгч анд уншаад гарсанд таатай байна.
Өөрийн зургаа блог дээрээ хэзээ ч тавихгүй л болов уу. Адилхан Ази ч би арай л тэгж харагдахгүй гэдэгтээ итгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.