"Цэцэрлэгт зам"-ын үзэсгэлэн

66-р зам гэж Америкт байдаг тухай олонтаа сонссон байх. Харин Өмнөд Африкт 62-р зам гэж бий.

62, 66 зам хоёулаа 1920-иод оны үед тус бүрнээ 2 их хотыг холбон олон жижиг фермүүдийг дайруулж чиглэл нь тавигдсан бөгөөд 1950-иад оны үед мөн л аль аль нь хурдны их замд халаагаа тавьж өгчээ. Харин 66-р замыг бодвол 62-р зам нь фермерүүдийн нийгэмлэгүүдийн авралаар түүгээр урсах их хөлийн тоосонд дарагдсан хэвээр байсан ч 1958 онд N2 хурдны гол зам ашиглалтанд орсноор замын их хөдөлгөөн нь тодорхой хэмжээгээр татарсан гэдэг.

62-р зам

Дэлхийн хамгийн урт үргэлжилдэг Дарсны зам гэгддэг Өмнөд Африкийн 62-р замын эхлэл төгсгөл 2 том хот нь Атлантын далайн эрэг дээрх Кейп хот, нөгөө нь Энэтхэгийн далайн эргийн хот Порт Элизабет ба жижиг фермүүдээр өртөөлөн холбосон нь тухайн газруудын үүх түүхийг тэр чигт нь дэлгэн харуулсан гайхалтай түүхт аялалд хөтөлдөг зам юм.

Энэ замд тааралдах нэгэн газарт саатаж, цацагт хяруулын фермээр зочилж цацагт хяруулыг унаж давхисан, мөн олон нийтэд үргэлж нээлттэй Африк тивдээ хамгийн том үзүүлэн болсон агуйд зочилсон тухай хожим дэлгэрүүлж дурдах болно.

Цэцэрлэгт зам

Энэ удаа бид 62-р замтай бараг л параллель маягаар гэхдээ далайн эрэг дагуу үргэлжлэх бас нэгэн алдартай зам болох "Цэцэрлэгт зам"-ыг сонгож Кейп хотоос гарсан ба замаасаа хазайж өмнө зүг тэмүүлсээр Африк тивийн чухал цэг-хамгийн өмнөд цэгт хүрч хоёр их далайн уулзвараас мэндчилж байсныг эс тооцвол, Цэцэрлэгт зам нь ерөнхийдөө Энэтхэг далайн эрэг дагуух олон өвөрмөц суурин тосгонуудаар дайрдаг, их далай, давлагаан чимээ, шүүрдсэн мэт цэмцгэр үзэгдэх далайн алтан шаргал эргүүд, цаашлан өндөр уулс, хад цохио, ой мод, өнгийн цэцэгс гээд эх газрын үзэсгэлэн төгс бүрдсэн ба амарлингуй дүнхийх өндөр моддын дундах гол горхи, хүрхрээ, энэ бүгд хоорондоо салшгүй хөглөгдөн орших нь Цэцэрлэгт замын онцлог, гайхамшиг бөлгөө. Чухамдаа далайн цасан цагаан эргүүд өнгө зүсээ солин шаргалтан туяарч, өндөр уулс нь алслахын хэрээр цэнхэрлэн үелзээд, анхилам цэцэгсийн төрөл зүйл олшроод, цаг агаар нь ч урин дулаан цаанаа л элгэмсэг болж ирэх нь Атлантын далайн халааг Энэтхэгийн далай угтан авдаг, мөн далайг ангилан ялгадаг далайн урсгалуудтай ч нягт холбоотой билээ.

Олон ч суурин газруудыг дайрсаар нэгэн гүүрэн дээр ирсэн нь Банжи үсрэлт хийдэг газар байлаа. Гүүрэн дээрээс үсрэх хүсэл асар их байсан ч үйл ажиллагаа явуулж буй тухайн газар үйлчлүүлж байгаа хүнгүй мөн ажилтных нь дунд нэг ч цагаан хүн байгаагүйгээс тэрхүү хүсэл мөрөөдлөө хойш тавихаас аргагүйд хүрсэн юм. Үйл, өрнөлөө ч идэвхтэй бус тайлбарлах тэдэнтэй товчхон ярилцаад цааш бид яаран одлоо.

Аливаа үйл ажиллагаа явуулж буй байгууллага, пүүсийн наад нүүр царай нь өдгөө Африк хүмүүс ч цаана нь голлох үүрэг гүйцэтгэж, удирдан чиглүүлэгчид нь цагаан хүмүүс байдаг гэвэл гайхах хэрэггүй. Ямар нэг газрын менежертэй уулзлаа гэхэд түүний хэлж ярьж байгаа бүхэн ард нь давхар зогсож байдаг цагаан менежерийн заасан үг яриа байдаг гэдгийг ч эндхийн хүмүүс анддаггүй байсан гэдэг. Нийгэм дотор нь оршиж байгаагийн хувьд тэр бүр ил хэлж ярьж, амархан ойлгуулж болохооргүй нарийн ширийн зүйлүүд энэ мэтээр олон бий... 

Өмнөд Африкт эдүгээ удирдах албаны олонхи нь эрчүүд, тэр дотроо 61 хувийг нь цагаан арьст, 31 хувийг Африк, дараа нь өнгөт арьстан, түүний дараа Энэтхэгчүүд ордог баримт ч ил байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд мөн л цагаан арьст эмэгтэйчүүд 11 хувийг эзлэн тэргүүлж, удаах нь Африкчууд, тэгээд өнгөт, Энэтхэгчүүд эзэлдэг ажээ.  

Тэдэнд найдаж болох уу үгүй юу гэх мэтээр эргэлзэн саатсан цагаа нөхөхийн тулд салхи татуулан давхихдаа замын тэмдгийг сайтар харж явсан ч яг л энэ газар хурд хэтрүүлсэн гэсэн замын торгуулийн хуудсыг аяллаас хойш нэг сарын дараа бид хоёр хүлээж авсансан. Хол замд гарахад замын торгууль энэ мэтээр ар араасаа цувдаг ч томоохон аяллын хувьд нэгхэн торгуулийн хуудастай байна гэдэг тун муугүй. Хаана нь дуран камер, хаахна нь хэдэн км/цагийн хурдны заалт зоосон зэргийг шинэ газарт яваа шинэ хүмүүс тэр бүр сайн мэддэггүй, анзааралгүй өнгөрөх нь амархан тул ийнхүү гэнэдэхэд хүргэдэг биз. 

Амралтын газрын хүлээн авах хэсэгт цагтаа хүрч ирсэн ба хоцорвол торгууль төлдөг тухай ирснийхээ дараа л мэдэв.

Далайгаас тасарсан том нуур маягийн усны захад хүрэн тоосгон байшингууд эгнэж хаалган дээрээ тус бүр амьтдын нэртэй, байшингийн ар хэсэгтээ ил гал дээр хоол хийх зориулалт бүхий тухлах ширээ сандал, цаашлаад өтгөн ой мод гээд 5 одтой амралтын газрын өнгө гаднаа цомхон.

Байшингийн ар хэсгийн орчимд олны хөлд хэдийнээ дассан бололтой дуулгат тахианууд энд тэндгүй гүйлдэн тонгочих ба тэдний цаана ганц хоёр муур орчноо ажин ихэд болгоомжлон суух нь ардах өвс бут бүхий орчинтойгоо гайхалтай зохицон алсаас жижигрэн үзэгдэх ирвэс лугаа адил л харагдах.

Золбин муур болон зэрлэг амьтдыг бүү хоолло гэсэн анхааруулга амралтын газар болгоны дотоод журманд бичигдсэн байдаг ч тэднийг өрөвдсөн нэгэн нь хоолноосоо илүүчилдэг л байлгүй, мөн гадаах ширээ сандлын доогуур хаягдсан хоолны үлдэгдлээр тэдгээр амьтад хооллоод сурчихсан байдаг нь ч нууц биш.

Ялангуяа сармагчингууд онгорхой орхисон хаалга цонхоор дотогш нэвтрэн таарсан зүйлээ шүүрч зугтаах, онгичин сүйтгэх, харсан хоолоо авахын тулд эзэн рүү дайрч хазан гэмтээх гээд болзошгүй олон зүйл зэрлэг амьтдыг хооллохгүй байхын цаана оршиж байдаг. Хамгийн гол нь тэднийг хооллосноор тансаг байгалийн амьтан болж төрсөн онгон зэрлэг төрхийг нь алдагдуулдагт л учир буй юм. Онгон зэрлэг төрхөө нэгэнт алдсан амьтдыг буудан хороодог, хороохоос ч аргагүй нь хамгийн зөв шийдэл гэдгийг дур зоргоороо аашилж аяглах амьтад өөрсдөө баталдаг. Энэ тухай хожмын нэгэн бичлэгтээ маш дэлгэрэнгүй өгүүлнэ.

Дуулгат тахиа

Үнэхээр дуулга өмссөн мэт сонин төрхтэй эдгээр тахиа нь зэрлэг бутанд үргэлж бөөнөөрөө гүйлдэж явах ба замын хажуугаар элбэг тааралддаг маш түгээмэл шувуу юм. Газар ногоог хөлийнхөө сарвуугаар байнга сэндийчин төнхөж ургамлын үр, шавьж тэргүүтнээр хооллодог тэднийг "Кек-кек-кррр" гэх дуунаар нь төвөггүй таньж болно.

Эрт цагийн фермийн эздийн хөвгүүдийн анхны бууных нь бай дуулгат тахиа байсан ба одоо ч тэднийг хоол хүнсэнд хэрэглэх зорилгоор агнасаар, устгасаар.

Агналтын тодорхой хугацаа байдаг, хугацаа нь болоогүй үед агнавал гэдэс нь өт хорхойгоор дүүрэн байдаг, мөн тэднийг агнахдаа хол зайнаас жижиг буугаар буудаж агнадаг эс бөгөөс өд сөд, хөл толгойноос өөр юм үлддэггүй тухай нэгэнтээ Диггс анд маань өгүүлж байсан удаатай.

Анх Англичууд дуулгат тахиаг агнасныхаа дараа хөлнөөс нь дүүжлэн орхиж, үнэр орсных нь дараа өд сөднөөс нь салгаж хоол хийдэг байсан нь мах нь өмхийрч муудах тусмаа амттай болдог байсных гэнэ.

Өглөөний гүйлт

Чимээгүй мэт дүнсийвч өөрийн гэсэн өвөрмөц хөг аялгуутай өндөр гуалиг моддоор үргэлжлэх ой мод.

Зэрлэг бут хэмээн үргэлж бичсээр ирсэн би бээр гэнэт л ой мод хэмээн дуу алдах нь энэ хэсэг газар нутгийн хамгийн гол онцлог гэдгийг дурдсан бөгөөд хаашаа ч харсан зөвхөн ой, зарим мод нь 1000-аас ч илүү жилийн туршид эх дэлхийгээ чимэн оршсоор байгаа гэдэг юм билээ. Тийм л моддын чөлөөн дэх замаар өглөө би гүйж явлаа. Хэдэн модноос цааш юу байгаа нь үл үзэгдэх байгалийн аниргүй үзэсгэлэнд татагдаж түр зогсон замаас гарлаа.

Ижилсэн өндийсөн өндөр моддын навчис нарны туяаг бүрэн хаасан, бүдүүн нарийн моддын доогуур газраар хөглөрөх мөчир бургас дээгүүр чимээ гарган алхах хүн гэдэг амьтан тэдгээр моддын дороос тэнгэр огторгуйгаа ч бүтэн харчихаж чадахгүй байх нь юутай өчүүхэн, харин бидний дэлхий юутай агуу вэ... Австралиас том газар нутагтай Бразил улсын ширэнгэн ойд амьдардаг омгийн хүмүүс л тэрхүү өтгөн, гүн ширэнгэнийхээ дороос хөх тэнгэрийг насан туршдаа чөлөөтэй тольдож үзэлгүйгээр насаа элээдэг тухай ширэнгэнд хөл тавьсан нөхрөөсөө дуулж байсансан.

Ер бусаар бараантан сүүдэртэх өндөр моддын дор ойн өвөрмөц аялгуунд нь уусан орь ганцаараа айж эмээх зүйл өчүүхэн ч үгүй амар тайван зогсоодоо итгэхэд бэрх ч ийм л байгалийн тансаг тасархай мөрөөдлийн минь ихэнх хувийг эзэлдгийг би мэднэ. Бууж нисэлдэх шувуудын жиргээ хомсхон ч хэд хэдээрээ зам хөндөлссөн аварга том эмгэн хумсыг олж харахдаа орчлонгийн гэрэл гэгээг магадгүй хэзээ ч бүрэн нэвтрүүлж үзээгүй энэхэн ертөнцийн хэсэгт амьдрал өөрийнхөөрөө нууцхан оршсоор ирснийг ухаарна...

 

Тайлбар

62-р зам - Route 62

Дарсны зам - Wine Route

Порт Элизабет - Port Elizabeth

Цэцэрлэгт зам - Garden Route

Дуулгат тахиа - Helmeted Guinea fowl

 

... тэдний цаана ганц хоёр муур орчноо ажин ихэд болгоомжлон суух нь ардах өвс бут бүхий орчинтойгоо гайхалтай зохицон алсаас жижигрэн үзэгдэх ирвэс лугаа адил л харагдах нь

 

Тийм л моддын чөлөөн дэх замаар өглөө би гүйж явлаа...

 

Зам хөндөлсөх эмгэн хумснууд

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-08-28 21:17:47
Сайн уу хө.
сайхан зүйлс оруулжээ.удаан орж ирсэнгүй танайхаар одоо байнга орж ирж бна аа амжилт хүсье
2. Zamjim | 2009-08-28 21:56:56
Ёстой гоё зам бна
3. delgeen | 2009-08-28 22:50:06
ene emgen xumsnuud ch nadiig ene zun ix zovooj bna daa xi xi xi xeden cecegiig mini zooglochix geed
4. nekee | 2009-08-29 00:30:47
uzeb
5. saikhnaa (зочин) | 2009-08-29 01:29:23
huuh ugluu guij baihdaa bolgoomjtoi baihgui bol end tendees yanz buriin amitan garaad irehev dee. ene tahia uneheer duulga umssun met sonin burhuultei yumaa. bi holiin zurgiig ni togos bna l gej harlaa shuu. hehehe
6. Geronimo | 2009-08-29 02:02:07
Үнэхээр гайхалтай юмаа. Бичээд байгаарай. Амжилт хүсье.
7. Жиргээ | 2009-08-29 08:12:08
xixixi ter deer guij bgaad zogschixson xuurxun 2 chixt chen chi mun uu
8. Myrlin | 2009-08-29 11:45:56
*Аманжинка,
Сайн уу? Хэсэг хугацаанд алга байсан ч холын холоос эргээд ирсэнд баяртай байна. Тавтай морил.

*Zamjim,
Энэ бол зөвхөн нэг хэсэг зам нь юм.

*Delgeen,
Тэд цэцэгсийг сүйтгэдэг тухайд яалтай билээ...

*Nekee,
Баярлалаа анд аа.

*Saihknaa,
Зэрлэг бут биш болохоор байдал өөр л дөө. Харин мөлхөө төрлийн амьтан их байдаг тухай дараагийн бичлэгт тодруулна.

*Geronimo,
Блогт тавтай морил.
Амжилт хүссэнд гялайлаа.

*Жиргээ,


Зочлоод гарахдаа сэтгэгдлээ үлдээсэн та нартаа маш их баярлалаа.
9. Julia_976 | 2009-08-29 16:38:12
Үнэхээр сонин байлаа. Баярлалаа.
10. Winterwood | 2009-08-30 07:44:48
Гүйж явмаар сайхан зам байна. Харин толгойгоо өндийлгөсөн эмгэн хумс байна уу? Эд нар 2 ямх урагшаа 1 ямх хойшоо гэдэг шиг явдаг гэсэн ш дээ.
11. ttulga1977 (зочин) | 2009-08-31 03:37:46
энд өглөө болгон гүйвэл уушигны өвчинөөр амархан явах байхоо. эмгэн хумс гэдэг чинь дун мөн үү?
12. Myrlin | 2009-08-31 08:09:02
Зочилсон Julia_976, Winterwood, Ttulga1977 нартаа баярлалаа.

*Winterwood,
Илүү ойртохоор толгойгоо өргөх нь бүү хэл нуугдаад хумигдчихдаг юм билээ. Гэхдээ үзүүлэх зураг бий шүү.

*Ttulga,
Усанд амьдардагийг нь дун, хуурай газрынхыг нь эмгэн хумс гэдэг. Тэгэхээр дун ч мөн, эмгэн хумс ч мөн гэж би ойлгоном.
13. Winterwood | 2009-08-31 16:56:45
Дун чинь монголоор эмгэн хумс юм шиг байна лээ. Гэхдээ ургамлын дунд амьдардаг буюу газрын дун нь эмгэн хумс. Би нэг эмгэн хумс олоод усанд хийсэн чинь чад болсон. Ямар учиртайг нь асуусан чинь усны буюу газрын гээд 2 янз байдаг гэсэн. Газрынх нь ургамал ногоог идээд цоохорлоод байдаг дун, усных нь арай том бөгөөд далайн эргийн хүмүүс олборлоод хүнсэндээ хэрэглэдэг дун. Тэгэхээр янз бүрийн дун буюу бидний нэрлэдэгээр эмгэн хумс байдаг байх нь. Харин далайгаас олборлодог дун асар том болоод амттай байдаг бөгөөд эрүүл мэндэд сайн гэдэг.
14. Myrlin | 2009-09-01 06:52:35
*Эдитор Winterwood,
Сайхан мэдээлэл байна. Сайн хүүхэд
15. ttulga | 2009-09-02 03:41:27
Аль улсад билээ дээ энэ амьтадыг уралдуулдаг гэж сонсож байсан юм байна
16. gan-yalalt (зочин) | 2009-09-03 02:51:37
jijighen irves... heheheheh huurhun zuilej...umhiireh tusmaa amt ordpg tahiani mah gedeg ni ih sonirholtoi sanagdlaa.hyatadad tanianii undgiig ni darj muuduulj zuush beltgedeg.getel afrikad mahiig ni zuuj muuduulj amt oruuldag... adilhan yum aa.uu tiim ayalaliin amjilt busgui min...
17. Өвлийн өвөө anjigai | 2009-09-03 05:19:24
Үнэхээр гоё бичсэн байна шүү. Гялайлаа.
18. Myrlin | 2009-09-03 07:13:44
*Ttulga,
Эмгэн хумснуудыг уралдуулдаг тухайд сонсоогүй юм байна. Гэхдээ сонирхолтой байж мэдэх юм.

*Gan-Yalalt,
Эдгээр тахиануудыг буудаж буй Английн язгууртан нарын тухай кинонд элбэг орсон байдаг.

*Анжигай,
Гялайлаа.

Зочилсон та нартаа хариу баярлалаа.
19. leo | 2009-09-04 16:25:37
Амаан бас хамгийн эхэнд хэ хэ шуурхай шүү

хүүхдүүдийн дундах сонирхолтой тэмцээн байдаг юм билээ эмгэн хумс уралдуулах тухайд

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.