Бурхан хүнийг бүтээгээд Адам гэж нэрлэв. Тэгээд түүнийг Эдэн гэдэг газрынхаа зүүн хэсэгт тарьж ургуулсан ногоон цэцэрлэгтээ аваачжээ. Зүйл бүрийн мод буттай тэрхүү цэцэрлэг нь нүд баясгахын зэрэгцээ жимс ногоогоор дүүрэн бялхах юм гэнэ. Түүний бүтээсэн хүн гэдэг амьтан Эдэн Цэцэрлэгийг харж хандан арчлах үүрэгтэй байлаа.

Эндээс хүссэн бүхнээ эрх дураараа хүртэж болно. Харин сайн мууг ялгах чадвартай болгодог модноос л жимс идэж болохгүй шүү, хэрвээ идвэл чи үхэх болно гэж Бурхан түүнд анхааруулаад, "Чамайг энд ганцааранг нь орхих зохимжгүй юм. Тиймээс чамд тохирох хамтрагчийг бүтээе" гээд амьтад болоод шувуудыг бүтээж харин Адам тэдэнд тус бүрт нь нэр хайрлав. Араатан амьтад, жигүүртэн шувууд Адамд хань болохооргүй байсан тул Бурхан Адамыг унтуулаад түүний нэг хавирганаас бас нэгэн хүн бүтээсэн нь эмэгтэй хүн буюу Ева байв. Гутал хувцас гэж мэдэхгүй нүцгэн Адам, Ева хоёр Эдэн Цэцэрлэгт аз жаргалтай амьдарч байлаа... хэмээн алдарт Библи судрын эхлэл өрнөдөг.
Библид өгүүлсэн тэр цэцэрлэг одоо хаана байдаг вэ? Энэ тухайд хэн ч хариултыг мэдэхгүй агаад мэдэх шаардлага ч үгүй юм.
Хүн төрөлхтний хамгийн анхны орон гэр болж байсан Эдэн Цэцэрлэг нь энэ дэлхий дээрх хамгийн төгс, гоо үзэсгэлэнт, уран тансаг цэцэрлэг байх нь гарцаагүй гэж хүн бүр итгэдэг. Тиймээс тэр л итгэл үнэмшлээрээ үзэсгэлэнт цэцэрлэгүүдийг Эдэн гэж нэрлэсээр иржээ.

Энэтхэгийн далайн эрэг дагуух үзэсгэлэнт газрыг эзэгнэн орших Найисна хотхоны ойролцоох тийм нэгэн Эдэн Цэцэрлэгт тэнгэр үе үе уйлагнасан бүүдгэр өдөр бид зочлон саатсан агаад ширэнгэ лугаа санагдах тэнд халуун нартай өдөр тохиосон бол гэрэл гэгээ, өнгө жавхаа гээд илүү уянгалаг дүрс зураглалыг хүртэх байсныг үгүйсгэхгүй ч нямбайлан өрсөн модон зөрөг, гүүр, ойн бяцхан чөлөөнд тухлах сандал ширээ зэргийг эс тооцвол олон янзын хэлбэр дүрс бүхий уран галбиртай сүрлэг сайхан модод, шинэ хуучин навчис юугаа давхарлан дэвссэн зөөлөн сэвсийх газар тэр л байгаагаараа үлгэр домгийн олон өнгийг сүлэн хөглөх шиг. Ийм л газар үлгэр амилж байдаг гэж хүүхэд байхаасаа би итгэсээр ирсэн...
Үлгэр домог үнэн, үнэн бус байх нь хамаагүй, хүнд мэдрэгдэж төсөөллийг төрүүлж чаддагаараа эрхэм сайхан.




Үес үесхэн үлээх салхинаа оройгоо нийлүүлэн модод хүүгэх нь ойн чимээ бөгөөд энэ хөг аялгуу ойн ертөнцийн амин сүнс нь билээ.

Энэ бол хүний гараар тарьж ургуулсан цэцэрлэг биш эх газрын уугуул зэрлэг ой бөлгөө.

Эдэн Цэцэрлэгийн хамгийн өндөр настай аварга мод.

Түүнийг тэвэрч зогссон миний бие түүний дороос ийм л өчүүхэн байлаа.

Энд ирсэн олон хүний гарын үсгэнд биеэ сэглүүлсэн тэрбээр "Нэрээ сийлж намайг бүү тамла" хэмээн өгүүлнэ.

Тэндээс би явахыг яараагүй ч хүмүүний бодит ертөнц намайг хүлээж байсан юм...
Үүнтэй зүйрлэхүйц үзэмж гоо цэцэрлэг Өмнөд Африкт олон бий ч харамсалтай нь олонхид нь эрх тааваараа тэнүүчлэхийн аргагүй болж. Ойн үзэсгэлэнд умартан алхаж явсан жуулчдын дээрэмдүүлсэн, хүчирхийлэлд өртсөн, амь насаа алдсан зэрэг нь тоогоо алдсанаас хүмүүс байгалийн гайхамшигт ертөнцөөс холдон холдсоор.
Тайлбар
Эдэн Цэцэрлэг - Garden of Eden
Найисна - Knysna
Нэрээ сийлж намайг бүү тамла - Stop cutting my skin with your names!

Сэтгэгдэлүүд:
ачтай буянтай газар
бут агааа сайн уу
Amaa namaig xaraagaad yavchij...kkk
bayarlalaa gej xelexee boliloo
САЙН УУ ДЭЛГЭЭН АНИА
тэр модон сандал дээр суугаад л хэн нэгнийг хүлээгээл эсвэл нь хамтдаа хэн нэгэнтэй нэг л сайхан суумаар ч юм шиг...
гэхдээ тэр сандал ширээ, модон засмал зам энэ тэр нь жаахан гутаагаад жинхэнэ ориг мөн чанараас нь холдуулаад байна уу даа гэж бодогдов.
*Чабу,
Хариултыг олон янзаар өгүүлж болох ч маргах зүйтэй сэдэв гэж би үл бодно.
*Аманжинка,
Эхний хэдэн сэтгэгдэл эрхэм зочин минь байсаар ирсэн танд ханджээ...
*Жиргээ,
Зочилсонд баярлалаа.
*Эмбий, Анжигай, Saikhnaa, Оюуна,
Байгаль байгаагаараа л сайхан ажээ.
*Bi_Banjig,
Тэр тухайд хоёр талтай. Хорт могойноос хүмүүнийг хамгаалж зам тавьсан, бас ойгоо тэр чигт нь янз бүрийн зөрөг замд эвдүүлж эрээн цоохор болгохгүйн үүднээс зөвхөн тэр замаараа зочдыг хөтөлдөг. Модон сандал ширээ нь будаг шунхгүй, хийц зэрэг нь натурал тал руугаа.
*Munguu,
Эргэн зочилсонд маш их баярлалаа. Хааяа хааяа энэ нэрээр үзэгддэг зочин минь мөн гэж бодож байна.
Сэтгэгдэл бүхэнд гялайлаа андуудаа.
амар амгаланг ийм л газраас олох юм шигээ
Африкийн байгаль болоод сонин хачин төрхтэй ан амьтдын талаар өөрийн үзсэн харснаа та бүхэнтэйгээ дэлгэрэнгүй хуваалцдаг блог маань үргэлжилсээр...
Энэ орон зайд үргэлж зочилж Myrlin надад урам хайрлаж байдаг та нартаа баярлалаа.
*Чабу,
Үг андуурч хэрэглэсэнд уучлаарай. "Маргах" гэдгийн оронд "Ярилцах" гэж орлуулна уу.
Блогийн байнгын зочин байсан анд минь сайн уу. Эргээд блогт тавтай морилоорой.
*Leo, Winterwood,
Та 2-тоо их баярлалаа. Цаашид ч бид хамтдаа байна гэдэгт итгэлтэй байна.
Нэрээ сийлж намайг бүү тамла - Stop cutting my skin with your names! гоё бичжээ. Ашиглахаар санаа байна шүү
Сэтгэгдэл үлдээх: