Үүнээс дээш газар үгүй...

Бид өглөө эртлэн дахиад л замд гарлаа.

Аян замын урьдчилсан тойм төлөвлөгөөтэй ч тухайн газар нутгаар дайрах явцдаа боломжтой бүхнийг үзэж харах нь үргэлжид гэнэтийн адал явдал байсаар ирсэн ба тийнхүү хаашаа явж хаана хүрэх нь энэхэн урт аяллын маань нууц билээ.

Далайн эрэг дээрх нэгэн хотын том дэлгүүрт түр саатан банкнаас мөнгө аваад эргэн хөдлөхдөө хотоос гарах замаа ололгүй явсаар төөрч орхив. Нэг л мэдэхэд ядуусын буюу харуудын хороололд хаашаа ч үгүй гацсан байлаа.

Нимгэн төмөр хавтас, банз мод, чулуу, тоосго, шавар зэргээр хольж нөхөж босгосон эв хавгүй үзэгдэх навтгар оромжууд нь өнөө цагийн нутгийн хүмүүсийн түгээмэл орон сууц бөгөөд энэ л төрхөөрөө оршсоор ихэд уджээ. Хүчтэй бороо хур, салхи шуурганаас нимгэн төмөр дээврээ хийсчхээс сэргийлж дээвэр дээрээ чулуу, тоосгыг олноор нь тавьж орхисон нь оромжуудын өнгө үзэмжийг улам сүр дарна. Болхидуу эдгээр оромжууд бороо салхинд нурж унах нь олонтаа ч эргүүлээд л босгочихно. Энэ тухайд:

... Өдрийн халуунд бөгсөө хаялан залхуутайяа алхах тосгоны хар хүмүүс, цаахнатай нь төмөр хавтас, цаасан хайрцаг, тоосго, чулуу гээд олдож болох юухэн хээхнийг зүйж эвлүүлэн, нөхөж босгосон оромжууд харагдах нь дотор нь хүн амьдардаг гэхэд хэцүү хэдий ч дулаан орны, нам дор газрын хувьд өөрсдөд нь болоод л байдаг бололтой. Иймэрхүү оромжны зургийг би ер нь авч байгаагүй тул одоохондоо тавьж чадахгүйдээ хүлцэл өчихийн ялдамд удахгүй шинэ аяллаас эргэн ирэхдээ эдгээр болон бас бус зүйлийн сонирхууштай зураг хөргийг нэжгээдээр нь авч ирнэ гэдгээ та нартаа амлая" хэмээн "Харуудын тосгон руу" бичлэгтээ өгүүлж байлаа.

Толгод болоод тэдгээрийн оройг зайгүй чигжсэн оромжуудын дундаас далай дэргэд харагдаад байвч яах аргагүй урхинд орсон мэт тэндээс гарч эс чадахдаа түрүүхэн зураг дарж явсан аппаратаа далд хийж, цонхоо бүрэн хаахдаа сэтгэл сэмхэн түгшиж буйгаа мэдрэв. Мухардсан замаар нь учраа олохгүй нааш цааш байн байн холхих биднийг ажин зогсоо гудамжны залуус эвгүй харагдахын зэрэгцээ зөрөн өнгөрөх тоотой хэдэн машинд цагаан хүн харагдсангүй нь нэг зүйл хэлээд байх шиг...

Тэрхэн дор далайн эрэгт орчин үеийн хотын гял цал өнгө гэрэлтэх ч тэнд харин хүрч чадахгүй байгаа нь итгэхэд бэрх. Тийнхүү будилж явахдаа санамсаргүйгээр цагдаагийн газрын гадаа ирснээр бидний төөрөгдөл эцэс болсон юм. Том оврын автобусыг даган оромжуудыг сүлжиж тойрсоор толгод уруудан, тэртээгээс ихэд ойрхон харагдаад байсан өнөөх хотод орж ирсэн ба эрс тэс хоёр өөр ертөнц тийн хаяа дэрлэн нэгэн дор оршдог нь хорвоогийн амьдрал билээ л.

Засмал замаар давхиулсаар далайгаас холдох тусам хот суурин газрууд алслан хоцорч тэр хэмжээгээр нам гүмхэн ертөнц өмнөөс угтана.

Ой модоор битүү хучигдсан өндөр толгодын дундуурх шороон замаар өгсөж явахад хүмүүний ертөнцийн дуу чимээ сураггүй тасарч жигтэй эл хуль оргих агаад удтал гэлдрүүлсний дараа эзгүй газарт ганцаархнаа дүнсийх нэгэн хуучин байшинд хүрч ирэв.

Дор хаяж 120 гаруй жилийн тэртээд нимгэн төмрөөр баригдсан байшинд Европын модчид амьдарч, тойрон хүрээлэх газар нутагт нь заан, ирвэс, буга гөрөөс чөлөөтэй сэлгүүцэж байсан эртний гайхалтай дүр зураг нүднээ амилах нь тэр цагийн бөглүү өнгө төрх одоо ч хадгалагдан үлдсэнээс тэр. Энэ бол жуулчид тэнүүчлэхэд, нутгийн хүмүүс тэмтчихэд дэндүү алслагдсан газар ажээ. Ой мод, олон зуун жилийн настай хөгшин модод одоо засгийн газрын хамгаалалтад очсон ба үүнийг дагаад эрт цагийн байшингууд ч эзэнгүй орхигджээ.

Харууд төв суурин газрууд руу тэмүүлэн оромж овоохойгоо босгож, цагаан арьстнууд тив алгасан дэлхийгээр нэг тарж буй ч буйдхан газрын энэхэн орон зай, ийм л нэгэн байшин олон ч цагаан хүмүүсийн нууцхан мөрөөдөл нь байсаар ирсэн. Цомхон мэт харагдах эдгээр хуучин байшингууд дотроо зай ихтэй, нэг унтлагын өрөө нь гэхэд орон сууцны зочдын өрөөний чинээ байдаг нь олон хүний хорхойг хөдөлгөх. Гэвч орчин цагийн хүмүүсийг бөглүү газрын бүдүүлэгдүү амьдралд оруулж төсөөлөхөд бэрх ч эзэнгүй хуучин байшин бат бөхөө гайхуулан оршсоор.

Ойн моддыг тайрч түүгээрээ амьжиргаагаа залгуулдаг байсан модчидын хүний хөлөөс хол, зэлүүд газрын байшинд хааяахан ганц нэг зам дайрсан хүмүүс зочлоод мордохдоо эцэг нь охинтойгоо ах нь эгчтэйгээ гэрлэсэн хийгээд цус ойртсон хүүхдүүдийн тухай хачин амьдралыг нүдээр үзсэн түүхүүд ч ам дамжин яригддаг.

Цаашлан бас нэгэн модчины байшин таарсан ба тэнд харин харууд амьдардаг бололтой амьдрал буцалж байгаа харагдана лээ.

Эрт цагт модчидын гараар хайр гамгүй тайрагдан ачигдаж байсан ой өдгөө улам л өтгөрөн сагсайх ба гэмт этгээдүүдийн найдвартай нуувч байсаар ирсэн түүх ч бий.

Дараагийн зогсоол Эдэн Цэцэрлэгтэй өнгө төрхөөрөө адилхан, модон замтай ой мод байлаа.

Машинаасаа бууж өөрсдийн нэр, машины дугаар зэрэг мэдээллээ бүртгэлийн дэвтэрт бичиж, дэвтрийг борооноос хамгаалах хайрцаганд нь буцааж хийгээд цэцэрлэгт хөл тавихад хамгийн түрүүн өндөр настай сүрлэг мод угтлаа. 650-аас хол давсан жилийн настай модыг хашаагаар тусгаарлаж танилцуулгыг нь хажууд нь байрлуулсан байв.

Өнгөө өөрчилсөн тэнгэрийн ганц нэгхэн дуслаар бид цааш хөдөллөө.

Уулсын замд нийлснээр алсаас цэнхэрлээд хүрч чадамгүй хол харагдаад байсан оргил дээр гарч ирэхэд өтгөн ногоон мод бутнаас гадна шатаж харласан, хатаж гандсан, нүцгэрч хувхайрсан ой, Өмнөд Африкийн билэг тэмдэг Протеа цэцгээс эхсүүлээд зүйл бүрийн алаглан ганхах цэцэгс, холын тэртээгээс ар араасаа цэнхэрлэн үелзэх өндөр оргилууд гээд тэдгээрийн үзэсгэлэнт дүр зураг цаасан дээр буухдаа бийр будагтай зураачдыг ичээж өнгө будаг нь гүйцэж хүрэлцэхгүй шиг санагдсансан.

Оргилоос оргил дамжих хагалбар зам өгсөж уруудах, огцом тойрч мушгирах зэргээр байнга эрсдэл дагуулна.

Үүлс шүргэх оргил дээрээс эх газрын амьдрал алган дээр мэт үзэгдэх ч зарим газар цэнхэртэн дуниартах уулсаас өөр бараа нүднээ үл торно.

Хад цохиот уулсын энгэрийг аргадсан замаар хэсэгтээ гэлдрүүлсний эцэст үдийн хоолоо зооглохоор түр зогслоо. Ийм газарт ирвэс шунан дурладаг агаад одоо ч энд ирвэс үзэгддэг аж. Нурж унах нь уу гэмээр дээрээс тонгойх цохионы энгэрээр онгойн харлах жижигхэн нүхнүүд ирвэсний оршин тогтнох таатай нөхцөлийг бүрдүүлдэг ба тийм нэг бяцхан нүхний өмнө зүрх гарган хэсэгхэн хугацаанд зогссон авч дотогш шагайх хүсэл төрөөгүй нь мэдээж.

Тэнгэрт ойрхон тэнүүчилсэн оргилын замд сармагчнаас өөр амьтан үзэгдээгүй ч уулсынхаа битүү ойд эрх зоргоороо модод дамжин дүүлэх тэд оргилын эрх чөлөөний эздийн төлөөлөл нь байснаараа атаархлыг минь бас л хөндөөд авсан билээ.

Олон цаг зарцуулах эдгээр оргилын адармаатай урт замыг жуулчдад танилцуулаагүйгээс бүтэн өдрөө зориулсан оргилын замд хоёрхон машин бидэнтэй зөрсөн нь гайхмаар байлаа.

 

Тайлбар

Протеа - Protea /Энэ цэцгийн томруулсан зургийг эндээс үзээрэй/

Алоэ буюу зуун наст - Aloe

 

Зургууд

Нимгэн төмөр хавтас, банз мод, чулуу, тоосго, шавар зэргээр хольж нөхөж босгосон эв хавгүй үзэгдэх навтгар оромжууд нь өнөө цагийн нутгийн хүмүүсийн түгээмэл орон сууц

 

Тэрхэн дор далайн эрэгт орчин үеийн хотын гял цал өнгө гэрэлтэх ч тэнд харин хүрч чадахгүй байгаа нь итгэхэд бэрх...

 

Дор хаяж 120 гаруй жилийн тэртээд нимгэн төмрөөр баригдсан байшинд Европын модчид амьдарч, тойрон хүрээлэх газар нутагт нь заан, ирвэс, буга гөрөөс чөлөөтэй сэлгүүцэж байсан...

 

650-аас хол давсан жилийн настай модыг хашаагаар тусгаарласан байгаа нь

 

Оргил дээрх өтгөн ногоон мод бутнаас гадна шатаж харласан, хатаж гандсан, нүцгэрч хувхайрсан ой

 

Өмнөд Африкийн билэг тэмдэг Протеа цэцгээс эхсүүлээд зүйл бүрийн алаглан ганхах цэцэгс

 

Холын тэртээгээс ар араасаа цэнхэрлэн үелзэх өндөр оргилууд

 

Оргилоос оргил дамжин өгсөж уруудах, огцом тойрч мушгирах оргилын эрсдэлтэй зам

 

Үүлс шүргэх оргил дээрээс эх газрын амьдрал алган дээр мэт үзэгдэх нь

 

Замд таарсан олон янзын ургамлын нэг Алоэ

 

Ирвэс шунан дурладаг газар

 

Нурж унах нь уу гэмээр дээрээс тонгойх цохионы энгэрээр онгойн харлах жижигхэн нүхнүүд ирвэсний оршин тогтнох таатай нөхцөлийг бүрдүүлдэг.

 

Тэнгэрт ойрхон тэнүүчилсэн оргилын замд сармагчнаас өөр амьтан олж үзээгүй ч уулсынхаа битүү ойд эрх зоргоороо модод дамжин дүүлэх тэд оргилын эрх чөлөөний эздийн төлөөлөл нь байснаараа атаархлыг минь бас л төрүүлсэн билээ.

 

Үүнээс дээш газар үгүй...

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. apabst | 2009-09-19 04:49:09
гоё зургууд байнаа...
2. leo | 2009-09-19 07:20:42
хамт аяласандаа татай байна

алэо гайхалтай ургамал юм
3. Nini | 2009-09-19 08:31:00
Сайхан байдын шүү. Танайхаар орох, бас чиний бичлэгийг унших их урамтай. Бичлэг бүрийг унших бүртээ хайн нэг сайхан зурагтай ном болгон хэвлүүлээсэй гэж боддог. Амжилт гүсий
4. saikhnaa (зочин) | 2009-09-19 10:03:09
saihan aylal boljee. bayarlalaa.
5. erhtsas | 2009-09-19 10:34:29
Гоё юмаа. Тэр сайхан өндөр оргилууд дээр гарах юмсан. Сонирхолтой аялалаа бидэнтэй хуваалцдагт баярлалаа.
6. Өвлийн өвөө anjigai | 2009-09-19 10:59:43
Чамд их олон зүйлд чинь хөнгөхөн атаархаж байдаг билээ. Түүний нэг нь энэ дүрслэл сайтай бичилгүүд чинь шүү. Амжилт хүсье.
7. nutag (зочин) | 2009-09-19 12:53:11
Ene zaluu er ni Afrikt yu hiigeed yavaa yum bol, Afrik huntei suusiim bolov uu? Hoosh, Hashir Anjgai deer baina sh dee,Anjgaidaa amjilt husie.
8. Oyuna | 2009-09-19 13:53:00
бичлэгийн чадвар үнэхээр агуу гэдгийг хамгийн түрүүнд хэлмээр байна.

Сонирхолтой, гайхамшигтай, өвөрмөц амьдрал л наана чинь байгаад байгаам даа....чадвал очиж чиний туулсан бүх замаар чинь биш ч багахан хэсгээр нь явж үзэх бодол эртнээс төрөөд байгаа...үнэхээр сонирхолтой газар

нэг хэсэг нь зэрлэг адгуус хэвээрээ амьдардаг байхад нөгөө тал нь дэлхийн хөгжилтөт дэвшилд хүрсэн байна гэхээр бас их сонирхолтой санагдаад байдын

баярлалаа
9. Winterwood | 2009-09-20 00:38:26
Үелэн цэнхэртэх уулсын зураг гайхалтай сайхан юмаа. Алоэ буюу Зуун наст асар томоор ургадаг нь харин үнэхээр сонирхолтой санагдлаа.
10. nekee | 2009-09-20 10:18:32
sain sudalj baij yabjaihguu bol yalaa shumuulanaas ehleed shoglohiim mundahguim shig sanagdchlaa baigaliin surch aguu shuu ter nutgiin irgediin suuts jalgand baigaa hog enetr geel tanil ch yumshig kkk
ter modiig hamgaalsan hashaa ih zugeer sanaa bna manaihan chini hadag buseer baglaal toirch gazrii ni eleegeel baidgiishd
11. Myrlin | 2009-09-20 15:43:45
Сэтгэгдлээ зориулж урмын сайхан үгсээ харамлаагүй ТА НАРТАА БАЯРЛАЛАА.
Нэрсийг нь дурдаж хариулт өгөөгүй ч та бүхнийг би хэдийн таньдаг мэддэг билээ.

*Nini,
Олон жилийн дараа тэр тухайд бодож үзэх л байх.

*Анжигай, Oyuna,
Нийтлэлийг үнэлсэнд талархаж сууна.
Тиймээ, миний нүдээр энэ орон ийм, харин өөрсдөө ирээд үзвэл бас л өөр мэдрэмжтэй буцах биз ээ.

*Winterwood,
Үелэн цэнхэртэх оргилууд үнэхээр сэтгэл татам, гэхдээ хамгийн шилдэгийг нь энд тавиагүй өөртөө би хадгалсан...

*Nekee,
Сайн судалж байж явахын тухайд тун зөв.
Сууц, жалганы хог болоод хөгшин моддын талаарх санааг тань сайн ойлгоном, өөрөө ч би энэ тухайд "мэдэрч" явдаг аа.

Харилцан ярилцах сайхан байлаа.
12. chimgeeitgel | 2009-09-20 17:10:12
uvurmuts bichleg, saihan zuragnuud bn
13. wow_babu | 2009-09-20 20:23:55
saihan bichesen bn shvv
14. Жиргээ | 2009-09-23 14:33:35
wow, yanztai, xelex ug alga,

Blogiin chini oi bolod ungurch
15. munguu (зочин) | 2009-09-23 15:10:56
Маш их таалагдлаа,Гоё юмаа.
16. Nyamka | 2009-10-07 10:10:37
Сайхан аяллаа. Олон жилийн дараа бодох шиг ээ цаг хугацаа өөрөө олон жил байдаггүй шүү одоо хийгээрэй хө амжилт хүсэе
17. gan-ylalt (зочин) | 2009-10-09 12:19:47
saihan aylal bailaa...bayarlalaa myrlin.chinii bichlegiig unshih burtee chamd tavisan sanalaa urgelj boddog.hezee negen tsagt biyelne gej itgedeg shuu...za amjilt.aylald chin amjilt
18. Myrlin | 2009-10-09 16:16:50
*Шинээр зочилсон Chimgeeitgel, Wow_Babu нартаа баярлалаа.
"Sharing and caring" гэдгийн дагуу та хоёрын блогоор би бас зочилж үзлээ, сонирхолтой сайхан санагдсан.

*Жиргээ,
Тиймээ блог үргэлжлээд нэг жил болчихож. Гярхай байна шүү, баярлалаа.

*Munguu сайн уу? Энд эргэн чамайг харахдаа баяртай байна.

*Nyamka,
Ойлголоо

*Ган-Ялалт,
Тавьсан санал тань надад машид эрхэм билээ. Цаг хугацааны НЭГЭН үзүүрт биелэхийг хүлээе ээ.

Сэтгэгдлээ зориулсан та нартаа их гялайлаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.