Хатаж шарласан өвс ногоотой зэрэгцэн хөрс булаалдан цоо шинэхэн ургамал ногоо өндийж, мод бут эхнээсээ мөчир юугаа навч цэцгээр гоёж, нар нь хурц, тэнгэр нь цэлмэг урт өдрүүд ээлж дараалан тохиосоор Африкийн өмнөд хэсгийн халуун дулаан улирал ирлээ.
Тун удахгүй цэцэрлэг маань зүлэг ногоогоор анхилаад, цэцэг ургамал өнгө өнгөөр алаглаад, эсэн бусын хорхой шавьж ичээнээсээ гарч тэнүүчлээд, өдөртөө хэдэн ч янзаар хувирч мэдэх тэнгэрийн ааштай ханьсах хаврын эхэн сар.
Ийм л үед суурин газрын цэцэрлэгийг голж шилэлгүй бууж нисэлдэх, усан сангаас маань бөхөлзөж дохилзон ундаалах, эгшиг яруу олон янзын шувуудын заримаас нь танилцуулж байна.
Саарал Лүүри буюу Яв-яв шувуу
1970-аад оны Өмнөд Африкийн бутны дайны үед албан үүргээ гүйцэтгэхээр зэрлэг бутанд бүгсэн цэргүүдийг хамгийн ихээр залхааж бас байгаа газрыг нь дайсанд илчилдэг байсан тэнгэрийн нэгэн бүжигчин бол саарал Лүүри.
Тэд хэрэгт ихэд дуртай бөгөөд нүүрээ халтарлан будаж бутны сүүдэр бараадан дайснаа эрэн чимээгүй гэтэх цэргүүдийн ойролцоох бутан дээр очиж суун доош сониучирхан хараад "Яв, зайл" хэмээн хоолойгоо шахан шаардах нь бутны цэргүүдийн тэвчээрийг бардаг байсан гэх. "Яв, зайл" хэмээн тэднийг дуугарч эхэлмэгц "Өөрөө зайл" гэж цэргүүд тэдэн рүү хандан үргээх гэж оролддог байжээ.


Жижиглэн хэрчсэн алимны хальсыг амтархан зооглохоор тэд манай цэцэрлэгт байнга ирдэг ба гол төлөв жимсээр хооллодог шувуу юм.
Бэлдэж тавьсан алимыг тарааж цацлан байж идэхдээ хааяа сарвуугаа хаана тавьж байгаагаа ч мэдэхгүй эв хавгүй хөдөлгөөн хийх, жимс нь дуусчихвал яагаад гэх шиг цонх руу өнгийх зэрэг нь өхөөрдөм.
Айж сандарсан эсвэл хэрэгт дурласан үед толгой дээрх сөд нь босч тун сүртэй харагдах ба урт сүүлтэй тул ойрхноос түүнийг бүтнээр нь зургандаа буулгах хүндрэлтэй санагдсан.
Түүнийг ойроос хэзээ ч олж харж чадахгүй байх гэж боддог байсан ч гаршихдаа амархан, чимээ анир болон хүний дуу хоолойд ч хурдан дасдаг шувууд ажээ.
Цагаан хөмсөгт Робин
Робин гэгддэг цагаан хөмсөгтэй өнгөлөг энэ шувуу маш бүрэг. Хааяа нэг газардахдаа саарал Лүүри-тэй барьцалдах шиг тэднийг ажин түр саатах ба толгой сүүлээ дээш өргөн цэмцийх нь ихэмсэг, язгууртан маягтай харагддаг.

Түүний зургийг авах гэж хөшөө шиг хөдлөлгүй, амьсгаагаа хураан, удаан хугацаанд мөн ч олон удаа зогссонсон.
Бэлдэж тавьсан зүйлсээс алимны хальсыг зуугаад хурдхан нисэн одох нь тун ч шалмаг.
Багт сүлжигч
Болжмор шиг бяцхан шувуудын эрэгчин нь тод шар өнгөтэй, нүүрэн хэсэгтээ хар баг өмссөн мэт харагддаг учраас түүнийг ийнхүү нэрлэжээ.
Эрэгчин нь эмэгчиндээ зориулж үүрээ сүлжиж завгүй хөдөлмөрлөдөг бол эмэгчин нь хэрхэн сүлжиж байгааг ажиглаж байдаг. Сүлжсэн үүр нь эмэгчний сэтгэлд хүрэхгүй бол үүрийг шууд л сүйтгээд хаячихдаг хурц зантай.
Цэцэрлэгийн шувуудаас надтай хамгийн ойрхон байдаг нь эрэгчин бөгөөд эхний үүрээ нэхэж дуусгаад ор мөргүй сүйтгүүлсэн тэрбээр хоёр дахь үүрээ бас аварч чадаагүй. Одоо тэрээр эхний үүр байсан мөчрийн төгсгөлд бас нэгэн үүр шинээр сүлжээд дуусаж байна, чухам хэр сүлжиж байгааг би бус, тэр ч бус, эмэгчин нь л мэдэх биз ээ.


Агшаасан будаа, талхны үйрмэгт тун ч дуртай тэд гадаа тавьсан будаа, талханд эр зориг гарган хамгийн түрүүн зочилж хоорондоо өрсөлдөн, бие биенээ хөөж туун байж зооглодог цэцэрлэгийн хамгийн түгээмэл шувуу юм.
Мөрөөдлийн их аяллын замд "Ийн явсаар төвөөс гаран хурд авах үед нэг туулай зам хөндлөн дэгдэж, хөдөөний замд амьтад цөөнгүй таардаг, үүнээс болж осол ч гардаг тухай нөхрийнхөө амнаас сонсож явсан ч аяллын туршид хурдны замд хоёр ч шувуутай мөргөлдөж бидний ард тэд өдөө цацан зам дээр нэвсийн унаж үлдсэнийг би харсан" хэмээн өгүүлж басхүү түүндээ сэтгэл дурамжхан явсан бидэн хоёрт саяхан нэгэн сүлжигчний эмэгчнийг аврах үйл явдал тохиож, далавч нь гэмтсэн түүнийг замын хажуунаас арайхийн байж барьж аваад ойрхон нэгэн компаниас авсан цаасан хайрцаганд хийж алчуураар бүтээн "Надад эрх чөлөө олгооч" гэх гэмтэж бэртсэн амьтдыг асран халамжлаад суллан тавьдаг газарт аваачиж өгөхдөө энэ бяцхан амьтан амьдраасай хэмээн залбирч явсан билээ. Тухайн амьтан хагалгааг давсан ч цаашид найдлагагүй гэж үзвэл түүнд тариа тариад л үүрд унтуулдаг тухай сонсоход бас л хэцүү байсан. Тиймээс түүнийгээ би эргэж очин яагаа бол гэж асууж сураглаагүй билээ.
Ялааны ангууч
Цагаан цамцан дээр хар нөмрөг нөмөрсөн мэт гоолиг нарийхан тэд урлагийн шувууд шиг сэтгэгдэл төрүүлдэг.

Ялаагаар хооллодог ч бусдыг дуурайж будаа талханд түр саатсан ганцхан хором нь энэ.
Түүний хажууд багт сүлжигчний сүлжиж нэхсэн үүрийг төвөггүй бусниулчихдаг их зантай эмэгчин зогсож байна.
Старлин
Зэрлэг бутанд элбэг тааралдах тэд үргэлж олуулаа сүрэглэн нисэлддэг бөгөөд тэр ч байтугай хооллож буй хүний дэргэд бөөн бөөнөөрөө сахиад дэвж буугаад байдаг шувууд гэдгийг Кругер Үндэсний Паркт аялж явахдаа өөрийн биеэр үзсэн билээ.
Хэрчим талх идэх гэж ихэд зовсноо ч мартаж чадахгүй нь. Модны дор байрлуулсан сандал ширээ тэр чигтээ тэдний сангасаар будагдсан байсан ба түрхэн зуур тэнд цомцойн суухдаа шинэхэн сангасанд нь толгойгоо мялаалгуулж, бас амандаа ойртуулсан талхаа эгээтэй л булаалгачхаагүй юм даг. Хүний барьсан хүнснээс тасдаж зуугаад зугтааж мэдэх өлөн зантай тэднийг ийм байдалд хүргэсэн нь мэдээж хүн бид.

Старлин суурин газраар үзэгдэх ч сарын турш бэлдэж тавьсан тэжээлд маань ховорхон удаа буун алдаад үргэн одсон тэрбээр тэр л эрээ цээргүй ижил нэгтнүүдээ эргэн надад сануулаад одсонсон.
Тэд үдшийн тэнгэрт олноороо хамтдаа дуулалдан бүжихийн жинхэнэ гайхамшгийг үзүүлж чаддаг.
Мод бутны оройд суух дуртай Старлин тэр л янзаараа зурганд маань буужээ.
Залаат Барбет
Өнгө будаг нь хэтэрсэн гэмээр олон өнгийн будгийг энд тэндээ нялгадсан мэт, зузаан хошуутай түүнийг Барбет гэдэг ба нэг удаа харсан бол өөр ямар ч шувуутай андуурах боломжгүй.

Янз бүрийн ургамлын үр болоод шавьжаар хооллодог ч будаа, талхыг амтархан зооглох дуртай юм билээ. Бас ч үгүй нэлээд ичимхий шувуу.
Түүний сүр жавхлантай сүүлийг нь зургандаа мөнхөлнө гэдэг тун бэрхшээлтэй байлаа. Харин өглөө эрт хоёр ч удаа хоол нэхэж байгаа бололтой тэжээл тавьдаг газрын ойролцоох цонхыг тоншиж байсныг нь бодохоор гаршихдаа амархан байж мэдэх.
Хүүпүү
Африкчууд түүнийг аз авчирдаг шувуу гэдэг.
Урт нарийхан хошуугаараа байнга л газар тоншиж үзэгдэх тэд жаран хөлт болон өт хорхойгоор хооллож буй нь тэр юм.

Зүү шиг хошуутай түүнийг талх будаа идэхээр ирнэ гэж хүлээх хэрэггүй ч газар тоншин шоволзох зургийг нь ойроос авах боломж гарч байсангүй.
Газардсан даруйдаа толгой дээрх сөдөө өрвийлгөж өнгө засдаг тэрбээр нисэхдээ далавч нь биеэ даахгүй байгаа мэт эвгүй харагддаг гэдэг.
Олийв Шрайк
Далавчаа бүрэн хумиагүй тэд хулигаануудыг санагдуулах ба нүдний тойрог, хошуу, сарвуунууд хослон өнгө адилхан харагддагаараа бусдаас ялгагддаг.

Усан сангийн ойролцоо хавтгай дөрвөлжин таглаас маягийн хуванцар зүйлд цэвэр усыг гүехэн хийж байрлуулсан нь бидний хувьд шувуудын усан сан бөгөөд тэнд хамгийн түрүүн биеэ булхаж биднийг баярлуулсан нь Олийв Шрайк.
Египетийн Айбис
Өглөө бүр засмал замаар гүйж явахад нэг л амьтан намайг байнга цочоодог нь Айбис.
Том биетэй, урт махир хошуутай тэд замын хажуугийн мод бутаар тэнүүчлэн газар сэндийчин ихэмсэг алхах нь элбэг таарах ч бутны цаанаас гэнэт үргэн нисэхдээ чимээ их гаргадаг нь тийнхүү цочиход хүргэдэг. Ийн хөөрөхдөө дургүйгээ илэрхийлж "Хайди-даа" хэмээн машид чангаар орилдог учраас түүнийг Хайди-даа гэж бас нэрлэдэг.
Борооны улиралд олноороо цэцэрлэгт буугаад усан сан тойрон бороонд шалба цохиулан гэмшсэн янзтай зогсож байх нь тун олон бөгөөд усан борооноор тонгочин алхах тэдэнд тэр үед нь саад болох амьтан нэгээхэн ч байдаггүй нь амар тайвныг бэлэглэж байх шиг харагддаг.
Тэднийг модон дээр сууж байгааг ховорхон удаа харсан ба зүлгэн дээрх нохдын баас сэндийчих, түүнчлэн нохдод хөөгдөж туугдсаар "Хайди-даа" гэж гомдоллон дуугарсаар газраас хөндийрөх ч байшингийн маань дээвэр дээр бас саатна.


Усан сангаа байнга арчилдаггүй өвлийн улиралд ус нь түвшнээсээ доошилсон байдаг тул ийм нөхцөлд тэд ус уух гэж тонгойгоод ч тусыг эс олох нь бидний хувьд усан сангийн усыг дүүргэх нэг шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, усан сангийн усанд хүрч чадахгүй байгаа ч ус руу горьдонгуй ширтээд чимээгүй зогсож байгаа тэднийг өрөвдөхөөс аргагүй.
Хар малгайт Булбул
Цэцэрлэгийн түгээмэл шувуудын нэг бөгөөд хар малгай духдуулснаараа бусдаас ялгагддаг.

Онцгой уянгалаг дуутай түүнийг нэгэн найз маань гаршуулаад амьтдын паркад аваачиж өгсөн гэдэг. Энэ утгаараа Булбул нь их нөхөрсөг шувуу юм.
Тагтаа
Тэжээл тавьдаг газарт хэд хэдэн төрлийн тагтаа ирдэг ч цэцэрлэгийн шувуудаас хамгийн мэдрэмж муутай тэнэгдүү нь тагтаа гэж би үздэг.
Дүүрэн овоолсон будаа, талхны үйрмэгийг идэлгүй тойрч алхсаар дууссан хойно нь эсвэл газарт унасаныг нь түүж иддэг сонин амьтад.


Түүнтэй холбоотой дурдатгал гэвэл, Африкт угтсан анхны өглөө "Гүрр-гүрр" хэмээх тагтаан дуутайгаар одоо ч надад хоногшин үлджээ.
Африкийн саарал тоть
Би ч бас шувуу шүү гэж миний Поо өгүүлнэ. Түүний бүтэн зургийг "Фото завсарлага" бичлэгээс үзээрэй.

Чанаж болгосон тахианы нүцгэн мөчийг хүн шиг атгаад өмлөж цөмлөсөөр доторх чөмгийг нь амтархан идэх түүнд өндөр ноход маань атаархангуй харц чулуудаж, сэгсэрч хаях ясны өчүүхэн хэлтэрхийнээс нь горьдон сахиж зогсох нь мань Поо-д зугаатай байдаг шиг санагддаг.
*** *** ***
Тэнгэрийн бүжигчдийн зургийг авна гэдэг асар их хурд болоод тэвчээр, бас тэднийг урин дуудах хоол тэжээл шаардагддагийг эдгээр зургийг авах хугацаандаа би сайтар ойлгосон билээ.
Тэдний зургийг байгалийн нөхцөл байдалд нь /Жишээ нь: Мод бутан дээр/ авахыг ихэд хүссэн ч энэ нь суурин газрын нөхцөлд боломжгүй юм. Харин тэдний цаадах орчин нэгхэн сарын хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байгааг зургууд тодорхой өгүүлнэ.
Тайлбар
Саарал Лүүри буюу яв-яв шувуу - Grey Lourie & Go-away-Bird /"Go-away" гэж дуугардаг/
Цагаан хөмсөгт Робин - White-Browed Robin
Багт сүлжигч - Masked Weaver
Ялааны ангууч - Flycatcher
Старлин - Starling
Залаат Барбет - Crested Barbet
Хүүпүү - Hoopoe
Олийв Шрайк - Olive Shrike
Египетийн Айбис - Egyptian Ibis
Хар малгайт Булбул - Dark-Capped Bulbul

Сэтгэгдэлүүд:
хөөрхөн шувууд байна яв яв сөөсийчөөд эгдүүтэйн хэ хэ
Сайхан бичлэг оруулж бидний танин мэдэхүйд тусласанд гялайлаа.
хамгийн эхний лүүри нээрээ дайны төсгөл хийх гэжийна ш дэ хэхэ
гоё мэдээлэл бна эхний шувуу хэдэн хүний амийг авч одсон болдоо гэж бодов
хүүпүү нь тоншуул шиг бна тээ
сүүлийн тоть их ихэмсэг /эрхч юм шиг/ харагдаж бна, яагаадын бүү мэд хэхэ
гоё бичлэг байна
talarxav,
*Аманжинка сайн уу? Байнга зочилдогт талархдаг шүү би.
*Chimgeeitgel, дуранд өртсөн нь эдгээр, өртөөгүй нь бас зөндөө.
*Лео сайн уу? Нэлээд хэдэн хүнд Лүүри ихэд таалагджээ. Бараантаад л, заримдаа ч 4-5улаа багталцахгүй сууж байдаг.
*Анжигай сайн уу? Өвөөлжийг харж байгаагүй учраас тэр үү сайн мэдэхгүй нь. Явцын дунд илүү тод зураг авч чадвал оруулнаа.
*Бялзуух, бишрэлтэй байна шүү
*Сайхан санаа, цаг агаарын нөлөө агуу гэж.
*Нямка сайн уу? Аялаад л? Айбис ч бас их өвөрмөц, гунигтай түүхтэй шувуу юм билээ. Хожим сонирхуулах боломж олдох байхаа.
*Мядөөг, блогт тавтай морил. Зочилсонд гялайлаа.
*Баярлалаа Angelic_Universe, Эмбий хоёроо.
*Geronimo, орчуулгаар тусалсан нь маш сайн байна. Эдитортойгоо ярилцаж байгаад орчуулгаар нь оруулах эсэхээ шийдэх байх.
*Батаа123 сайн уу? Сураг ажиггүй хаагуур л явна?
Анжигай хүүпүүг өвөөлжтэй адил гээд чи болохоор тоншуултай ойртуулаад, үнэндээ би сайн мэдэхгүй юм аа. Зургийг нь харвал ч...
Бутны дайнд Лүүри-гийн оролцоо байсан байгаа биз?
Поо маань эзэндээ эрхлэхээ мэднээ.
*Oyuna, яг зөв, би бас тэгж бодож яваа. Сэтгэгдлийг чинь уншаад сайхан болчих шиг...
*Усны хувилгаан, хорхой шавьж ч байсан шувуу ч байсан тэжээхсэн гээд тэдгээрийг цэцэг шиг санах юм. Их л гэр амьтай хүний зан даа
*Bolorka83,
Завгүй л яваад байна уу?
*Melka, уншаад гарахдаа сэтгэгдлээ илэрхийлсэнд гялайлаа.
*Т.Anhil сайн уу? Эргээд энд чамтай уулзсандаа баяртай байна. Сайхан үг дуулах ч сайхан байна надад.
*Жиргээ, урам хайрлаж үгээр мялаагаад гарсанд хариу талархаж суунаа би.
*Apabst,
*ГАБО,
сайн уу хө
*Winterwood,
Ойлголоо.
*Julia_976, Garnet, Amanjinka, Nyamka,
Зочилсон та нартаа баярлалаа.
*Ss_gogo,
Сайн уу. Мэнд мэдээд гарсанд гялайлаа.
"Тайлбаргүй" гэдэг шинэ бичлэгээ сая орууллаа. Тэнд уулзья.
тэр саарал тоть чинь хонь барьж иддэг үү би андуураад байгаа юм болов уу
Зочилсонд хариу баярлалаа.
*Хэлтэрхий,
250 грамм шахуу жинтэй бяцхан тоть хонь барьж идэх боломжгүй. Гэхдээ өөрийнх нь хэмжээтэй харьцуулахад хошууны зуулт нь чанга гэдэг.
*Анара,
Сайн уу? Миний бүхэн сайн байнаа.
Танай хүүхдүүд Лүүри-ийг Панк гэж хөөрхөн нэрлэсэн байна
*Ган-Ялалт,
Багт сүлжигч маань энэ бичлэгээс хойш 6 дахь үүрээ сүлжсээр дэвж байгаа ч түүнийг нь эмэгчин нь таалах эсэхийг мэдэхгүй юм даа.
Сэтгэгдэл үлдээх: