Африкийн саванна, Африкийн ойн, Азийн гээд хэдэн төрлийн заан байдаг ч та бүхнийгээ уйдааж чилээхгүйн үүднээс асуусан асуултынхаа хүрээнд захирагдаж басхүү нэг уншсан ч мартагдахааргүй, сонирхол татахуйц хэдэн мэдээллийг хүргэхээр төлөвлөлөө. Асуулт хариултад оролцсон уншигчид маань олон нарийн мэдээллийг олж идэвхтэй хандсаныг "Заан үзсэн азтай аялал" гэх түрүүчийн бичлэгээс сонирхсон нэг нь орж танилцана биз ээ.
Африкийн болон Азийн зааны нэгэн гол ялгаа нь тэдний хошууны төгсгөлд байдаг. Африкийн зааны хошууны төгсгөл хоёр хуруутай, алив зүйлийг хоёр хурууныхаа тусламжтайгаар өргөж авч чаддаг бол Азийн зааны хошуу нэг хуруутайн улмаас ямар нэг зүйлийг хошуугаараа бүтэн ороож өргөж авдаг сонирхолтой ялгаа байна.
Загатнасан нүд чихээ маажих, навч жимсийг модноос авахад хошуу чухал үүрэгтэйн дээр усан дор байхдаа хошуугаа усны мандал дээр гарган хааяа нэг чимээ ихтэй амьсгалах нь бахадмаар ч, эндүүрсэн хүнд тэрхүү хошуу бүдүүн могой лугаа адил харагдах нь бас л сонирхол татахуйц.
Усны мандал дээр хошуу зөвхөн амьсгалахад бус хаа холоос салхины хамт туугдан ирэх зүйлсийг мөн үнэртэнхэн зогсдог байна.
Заанууд хошуугаараа хоорондоо барилдан тоглох нь олонтаа.
Аюул учирч байгааг мэдрэхдээ тэд хошуугаа агаарт өргөх, харин хошуугаа хумин дотогшлуулах нь хошуугаа хамгаалсны илрэл болдог. Арслан гэх мэт араатан амьтад зааныг дайрахдаа юун түрүүн хошууг нь хазах аюул байдгаас тэр.
Нөгөө нэг гол үнэхээр мэдүүштэй ялгаа нь Африкийн зааны чих Африк тивийн газрын зураг шиг хэлбэртэй бол Азийн зааны чих Энэтхэг улсын газрын зураг шиг хэлбэртэй байдаг. Үүнийг уншигчдаас зөвхөн ЗолбинББ хэлсэн юм.
Аюул тулгарахад зааны чих бүтэн дэлгэгдэх нь сүртэй, сүрдмээр харагддаг. Хүн бидний чихэнд хүрч сонсогддоггүй авиаг тэд сонсож чаддаг бөгөөд чанга хүчтэй орилох мэт авиа гаргаж холын холд байх бие биендээ дохио өгч байдаг.
Заан халуунд халууцахаараа хөлөрдөггүй ч асар их цус чихээр нь урсаж байдгаас чихээ сэнс адил нааш цааш биендээ цохин хөдөлгөх нь бие дэх халуун цусны эргэлтийг сэрүүцүүлдэг, тиймээс салхин дор чихээ дэлгэн зогссон байх нь их тааралддаг.
Чихний нүх нь чихнийхээ ард байрлах ба ядарч туйлдсан үед эсвэл үхсэн нэгнийхээ араас гашуудах үед эдгээр нүх уйлж эхэлдэг нь гайхмаар.
Заан зөвхөн том, сонин төрхтэй амьтан ч биш, харин ухаантай, зовлон гуниг, өвдөлтийг мэдэрдэг мэдрэмжтэй амьтан юм.
Олон уншигчид маань зааны арьсны өнгийг авч хэлэлцсэн нь учиртай. Зузаан, гөлгөр арьс нь хар саарал харагдах ч шаварт орсны дараагаар өнгө нь өөрчлөгддөг. Элдэв шавьж ялааны хазалт, нарны хэт туяанаас сэргийлж шаварт орж зогсон шавраар өөрийгөө шүршдэг, харин нялх тугалын арьс наранд ноцтой түлэгдэх аюултай тул эхийнхээ дор сүүдэрт нь зогсдог ажээ.
Сүүн тэжээлт амьтдаас хамгийн том уураг тархитай амьтан бол заан. Тиймээс маш ухаантай бас бие биенээсээ суралцдаг, гэр бүлсэг амьтад. Толинд тусах өөрсдийнхөө дүрсийг хүртэл таньж чаддаг гэх.
Эх заанууд залуу эр заан, залуу эм заанд хандах хандлагын хувьд өөр, маш ухаантай, сургамжтай байдгаас залуу эм заанууд эхтэйгээ хамт үлдэж, харин залуу эр заанууд 15 наснаас нас биед хүрсэн эр зааны эгнээнд элсдэг. Сүрэг дэх хамгийн хүчтэй бас ухаантай эм заан залуу эр заануудыг сүрэг дотроо цус холилдох үйлдэл хийхээс сэргийлэх, мөн тэднийг 25 нас хүртэл нь сүргийн толгойлогч эм заанууд хянаж, зааж сургадаг гэхээр бас л сонирхолтой. Толгойлогч эм заануудын нөлөөгөөр залуу эм заанууд 16 нас хүртлээ үржлийн харьцаанд ордоггүй гэнэ.
Хүн төрөлхтний нэг өдөр үгүй хийж чадах ойг Африкийн бүх заанууд нэгдээд ч нэг жилийн туршид идэж байж дуусгана гэсэн мэдээлэл байдаг нь хүмүүс бид энэ дэлхий дээрх хамгийн хөнөөлтэй амьтад төдийгүй харин ч өөрсдөөсөө илүү зааныг хөнөөлтэй хэмээн үзэж мянга мянгаар нь устгасаар байна.
Дээхнэ цагт хүмүүс зааны том, ахмадыг нь устгаж залууг нь үлдээснээр залуу заануудад зааж сургах ахмадууд үгүйгээс тэд хүмүүжилгүй болж өсөн, тухайн газар нутаг дахь бусад амьтдыг дайрч хөнөөх, хөөх зэрэг сөрөг үр дагавар гарч байснаас сүүлдээ зааныг устгахдаа тухайн сүргийг бүхэлд нь устгадаг болсон байна.
Зааныг хайрлан хамгаалах тал дээр өдгөө дэлхийн олон олон хүмүүс дуу хоолойгоо нийлүүлэн хамтран ажиллаж байна.
Нэгнийгээ үхэхэд үхдэл дээр нь уйлж зогсдог, хошуугаараа илж энхрийлдэг эмзэг уяхан амьтад... /Блогийн зураг байршуулалтаас шалтгаалан зургийн тодорхой хэсэг харагдахгүй байгаад хүлцэл өчье/

Салхин дор чихээ дэлгэн зогсох нь

Аюул тулгарахад зааны чих бүтэн дэлгэгдэх нь сүртэй...

Сүргээрээ

Тугал эхийнхээ нөмөрт яваа нь

Хошуугаараа барилдан тоглож байгаа нь

Таны хайртай, дуртай амьтан юу вэ?
Диггсийн хайртай амьтан заан, Скаттынх ирвэс бол миний хувьд анааш. Харин таных?
Африкийн олон сайхан сонирхолтой амьтдаас аль нэгийг нь өөрийн болгон сонгон авч, тэр амьтныхаа талаар улам илүү таньж мэдэх тусмаа амьд байгальд хандах үзэл тань улам төлөвшин, байгаль дэлхийг амтлах мэдрэхүй, онгон зэрлэг амьтдыг сэтгэлээсээ хайрлан хамгаалах хийгээд хүн болж төрсний хувьд хүмүүний дотоод сэтгэлийн нандин чанарыг тань улам тодотгон гэрэлтүүлэх сэтгэлийн хосгүй таашаалт гайхамшгийг та мэдрэх болно гэдэгтээ итгээрэй.
Африкт анх ирээд нүдэнд хамгийн өнгөний хослолтой бас сүрлэг өндөр, гуалиг харагдсанаар нь анаашийг хамгийн хөөрхөн, үзэсгэлэнтэй амьтан байна гэж би бодсон.
Дархан Цаазат Амьтдын Паркаар тэнэх тусмаа, олон амьтдыг үзэх тоолонгоороо явцын дунд заан ч бас миний анхаарлыг татаж, мөн өөрийн нүдээр үзсэн харсан зэрлэг амьтан бүхэн маань өөрийн гэх өвөрмөц төрх, давтагдашгүй гайхамшигт шинж чанаруудтай байдаг юм байна гэдгийг ухаарч, тэдний зүгээс надад дамжуулан ойлгуулах байгалийн ариун нандин, ер бусын холбооны талаар бага багаар мэдэрсээр одоо тэдэнтэй сэтгэл зүрхэндээ шингэтэл нягт холбоотой болсондоо хүмүүний ойлгох ёстой хамгийн чухал тайллын нэгэн гэрч нь болсон хүн гэж би өөрийгөө тоодог билээ.
Сэтгэлд мэдрэгдэх эдгээр гайхамшиг намайг олж авсан шигээ хэзээ ч орхихгүй гэдэгт итгэдэг ч энэхүү таашаалыг зөвхөн өөртөө амтлаад байх биш, бусадтай хуваалцах, мөн хүсэл эрмэлзэл тээсэн бусдыг ч бас араасаа дагуулах сэтгэлийн үүднээс блог маань нээгдэж, амьдрал зөвхөн хүний хоорондын харилцаа холбоо, тэмцэл зөрчилдөөн биш, түүнээс цаашхи далд орших сэтгэлийн агуу их, хэмжээлшгүй цар хүрээний асуудал байдаг талаар харилцан ярилцаж мэдрэхийн хүслэн намайг ийнхүү энд уясаар байнам.
***
Асуултанд идэвхтэй оролцон хариулт үлдээсэн Amie, ЗолбинББ, Embi, Dream_silver, Сайхан санаа, Bataa123, Битмин, Хэлтэрхий, Indra, Leo, Amanjinka, зурвас илгээсэн Enkhee5 нартаа бүгдэд нь блогийнхоо өмнөөс маш их талархаж, "Та өөр хэн нэгнийг тантай цуг өөрчлөгдөн хувирахыг хүлээх хэрэггүй. Таныг хөдөлж эхлэхэд дэлхий хөдөлдөг. Таны өөрчлөгдөж байгаа хир хэмжээгээр таны амьдралд оролцон тоглогсод өөрчлөгддөг буюу шинэ оролцогсод орж ирдэг. Тэд танд тусалж дэмжиж юм зааж сургаж байх явцад та ч мөн тэдэнд тусалж дэмжиж, зааж сургаж байдаг" гэсэн Эндрю Мэтюсийн "Сэтгэл зүрхээ дага" номноос авсан сайхан ишлэлээр та нартаа урам нэмье.
АНУ-аас ЗолбинББ-ийн хариулт тун ойрхон тусч, Австралиас оролцсон Indrа-гийн хариулт байгаа зөв оносон бол Солонгос улсад сурч байгаа Dream_Silver-ийн хувьд олон ч мэдээллийг өгч, тэр дотор зөв хариулт өгсөн эхний хүн болсон учраас Indrа, Dream_Silver хоёртоо хоёуланд нь Өмнөд Африкийн ил захидлууд илгээхээр шийдлээ.
Энэхүү бичлэгтэй хамт дээрх хоёр хүний хувийн хаягаар мэдээлэл давхар очиж байгаа бөгөөд ямар амьтны зурагтай ил захидал хүлээн авах хүсэлтэй байгаагаа өөрсдийн шуудангийн хаягийн хамт хариу илгээхийг миний бие хүлээн суугаа, мөн ил захидал замаасаа алдагдах, гэмтэхээс сэргийлж дугтуйнд хийж илгээнэ гэдгээ урьдчилан сануулъя. Сонгогдсон ил захидал илгээгдэхээс өмнө би зургийг нь авч, эзэндээ хүрсний дараа захидлыг хүлээн авлаа гэсэн мэдэгдлийн хамт та бүхэндээ сонирхуулан хуваалцана гэдгээ дуулгахад таатай байна.
Хайртай, дуртай, сонирхдог амьтдаа нэрлэсэн доорх сэтгэгдлүүдээс үүдсэн "Андууддаа" бичлэгийг энд дарж сонирхоорой.
Тайлбар
Африкийн саванна заан - African Savannah
Африкийн ойн заан - African Forest
Азийн заан - Asian Elephant
Нэмэлт мэдээлэл
Сайн байцгаана уу?
Хамгийн олон уншигчтай бичлэгт минь хожуу ч гэлээ зочлоод гарч байгаа уншигч та өөрийн хайртай, дуртай, сонирхдог амьтнаа заавал нэрлээд гараарай гэж би дахин хүсмээр байна.
Мөн нэмж холбогдох мэдээлэл хүргэхэд, Австрали улсад суугаа ялагч Индра маань ил захидлаа аль хэдийн хүлээн авсан ч Солонгос улсад сурч байгаа Dream-silver ялагчид Өмнөд Африкийн ил захидлыг 2 ч удаа илгээгээд эзэндээ хүрээгүй л байгаа тул амласан ёсоороо та нартаа хуваалцах мэдээлэл ийнхүү хойшлогдоод байгаа билээ.
Энэ удаад сүүлчийн ил захидал хүрэхгүй бол 3 дахь удаагийнхаа захидлыг баталгаажуулан явуулахаар зэхэж сууна.
Ингээд та нартаа удахгүй айлчлах гэж буй Шинэ ондоо сэтгэл зүрхээрээ баян байхыг хүсэн ерөөе.
12-р сарын 30, 2008
Дахин сайн байцгаана уу?
Солонгос улсад буй Dream_silver анддаа 3 дахь удаагийн ил захидлаа баталгаажуулан 2009 оны 1-р сарын 27-нд Жоханнесбург хотоос илгээсэн бөгөөд энэ удаа захидал маань заавал очих ёстой гэж итгэл дүүрэн сууна.
Анддаа тусад нь ил захидлынхаа араас мөрдөн хөөх кодыг нь явуулна.
2-р сарын 03, 2009
Dream_silver ил захидлаа хүлээн авчээ. Дэлгэрэнгүйг энд дарж сонирхоно уу.
2-р сарын 13, 2009

Сэтгэгдэлүүд:
Ялагч болсон Банжигчиддаа баяр хүргэе.
мань мэт шууд л бодож бгаагаа бичсэн, хамгийн сайхан нь зөндөө гоё мэдээллүүдтэй боллоо баярлалаа
миний хувьд бол африкийн амьтдаас хирсийг их сонирхдог, их л догшин сүрлэг амьтан бдаг санагддаг
Дахин талархав. Амжилт шөө
*Дуртай амьтдаа бичиж эхэлж байгаа нь тун сонирхолтой болж байна, бичээд бас сонгоод байгаарай найзуудаа.
*Ялагч болсон Dream_silver баярлалгүй яахав ээ. Үргэлж юманд хүртээлтэй тэр чинээгээрээ өөрийгөө баясгаж яваарай гэж дахин хүсье.
*Хирсний талаар цаашид мөн оруулах нь дамжиггүй.
*Арслан маш гоё амьтан, мөн танилцуулга хийнэ.
*Зааны соёо үнэтэй нь үнэн, тиймээс ч шунаг хүмүүсийн гарт өртсөөр, дараа энэ мэтээр дахин зааныг илүү нэмж мэдэх цаг гарч ирэх байхаа.
*Миний дуртай үгсийг үргэлж олоод харчихдаг Хэлтэрхий чи шүү... Тэр номыг олон жилийн өмнө Монголоос авч байсан, байгаа байх шүү.
*Харин Hilde, Хэлтэрхий 2-н дуртай амьтан ирвэсийн орчуулгыг мэддэггүй болохоор Leopard, cheetah 2-ийн аль нь юм бол доо? Би амьтдаа мэддэг ч орчуулгыг нь олохгүй байгаагаа нэгэн бичлэг дээрээ дурдсан ч хэн ч надад хариу өгөөгүй тул одоо ч мэдэхгүй хэвээрээ л байна. Инээдэг чононцор зэвүүн ч удахгүй дэлгэрэнгүй.
*Бут ах хаагуур яваад байна? Дуртай амьтнаа заавал бичнэ шүү та.
*Амжилт хүссэн бүх хүмүүстээ баярлалаа.
Ярилцан хэлэлцэхэд сайхан байлаа. Харин таны дуртай амьтны талаар нэг л өдөр бичнэ, тэгэхдээ таны нэр ч тэнд дурдагдаж бас өөрт тань зориулсан тухайн амьтны зургийг тусгайлан тавьна гэдгээ дуулгья.
zooparkad anaash gar-sa hoolloj uzsen.. tiim urt heltei gej ogt tosooloogui shu..
bas yaguar (har irves gedeg bilu) bie haa, hurd huch, arga uhaan-ra tasarhai saihan amitan sanagddag.. Maugli huu-n tuhai zohiol-s unshij, kinon-s uzsen bolood ter bj magadgui, he he..
*Тайландад өөрийн үзэж харж мэдэрснээ бидэнтэй хуваалцсан Буяандаа маш их баярлалаа. Чиний дуртай амьтны талаар би бичсэндээ баяртай байна. Харин yaguar гэдэг амьтан бол Африкийн бус Өмнөд Америкт байдаг амьтан. Нэмж мэдээлэл хүргэхэд Маугли-г Энэтхэгт зориулж бичсэн ч олон хүмүүс үүнийг Африк гэж андуурдаг. Миний ажигласнаар амьтдыг хольж хутган оруулсан байдаг нь хүмүүсийн толгойг эргүүлдэг байх. Энэ мэтээр амьтдыг хүүхдийн кинонд үндэслэлгүй оруулсан байдаг нь олон юм шиг байна лээ.
*Тахь бидний эх орны бас л гайхалтай сайхан амьтны нэг, гэхдээ би Монголд цагаан зээр, тарвага, үлийн оготноос өөр амьтан нүдээрээ харж байгаагүй. Харин гэрээсээ 3 хүүхэд жимсэнд гараад ойд шөнө оройтон замын машин царайчилж зогсоход чонын улилт бид 3-ийг үхтэл айлгасныг сайн санадаг /хачин болчихлоо.../
*Дахин асууя, leopard, cheetah хоёрын орчуулгыг хэлж өгнө үү гэж. Алийг нь ирвэс гэдэг юм болоо?
*Надад Монголын байгалийн зураг бараг үгүй, тэнд төрж өссөн болохоор зураг хөрөг авдаггүй байсан байгаа юм. Харин Анжигай гэх хэдэн хүний фото аялал их сайхан үйл явдал болсон байналээ. Би орж үзээд авмаар байсан ч зурагнаас нь авах зүрх хүрээгүй. "Тугал эхийнхээ нөмөрт" зураг маш том паркт авсан зураг, тэр өдрийн аз байлгүй яахав.
*Индрагийн хүслийг хүлээн авлаа.
*Хоёр ялагчдаа удахгүй ил захидлаар уулзана гэдгээ дахин хэлье.
Ярилцахад маш сайхан байлаа. Та нартаа баярлалаа.
*Янзага эндхийн туяхан зээртэй тун төстэй, та сайн ажиглаад хараад үзээрэй. Их хөөрхөн амьтад шүү.
*Мазаалайн талаар тэр бичлэгээ оруулахаараа надад хэлээрэй, би уншмаар байна шүү. Бүх амьтанд хайртай гэхийг бодоход чи байгалд их сэтгэлтэй хүн санагдлаа, чамаар бахархаж байна.
Уншигч та үүгээр зочлох бүрдээ хайртай, дуртай бас сонирхол татдаг амьтдаа заавал бичээд гараарай. Бидний Монголчууд ямар амьтныг сонирхож байгааг бас байгал дэлхийтэйгээ харьцах харилцаа холбоо хэр байдаг талаар мэдэх хүслэн надад их байна...
Амьтдаа дурдсан бүх хүмүүстээ блогынхоо нэрийн өмнөөс баярлалаа. Сэтгэгдэл нэмэгдсэн эсэх талаар би байнга эргэж тойрч байгаа шүү гэж.
Миний дуртай амьтан гэвэл сармагчин л юм уу да хэ хэ хэ USA-д амьтны хүрээлэнд анааш, заан, хирс, тахь гэх мэтчилэн харж байсын байна гэхдээ бүгд өнгө зүс, үнэр танар муутай юмнууд байх юм байна лээ.
Нээрээ тэнд хэдэн Монгол 2 бөхтэй тэмээ байсан хараад их өрөвдсөн шүү юун бахархах, хачирхах зайлуул хөгшин нохой шиг л ноолорсон бөх нь унаад сүр сүлдгүй болчихсон амтьтад байх юм байна лээ босох ч үгүй хэвтээд л байсан.
Би хангайнх болохоор тэмээ яахаараа тэгж туйлддагийг мэдэхгүй хужирссан амьтад юм байхдаа л гэж санасан.
Африкт бузон ч юм уу цэвэр зэрлэг үхэр одоо байдаг бол тэр тухай нь бичээрэй!
*Ил захидлыг заавал очтол нь илгээнэ гэсэн амлалтаа би биелүүлэх ёстой. Баталгаажуулахаар эрхбиш хүрэх байхаа.
*Дуртай амьтан сармагчныхаа тухай "Сармагчинтай таарсан нь" бичлэгээс уншаагүй бол орж уншаарай. Сармагчны талаар яваандаа оруулах бүтэн сэдэв бий.
Амьтдын зохиомол паркт /Зоо паркт/ амьтад хэрхэн амьдардаг тухай өөртэй чинь би дуу хоолой нэг гэдгийг "Анхны юм бүхэн сэтгэлд-2" бичлэг дээр илэрхийлсэн байгаа.
Африкт зэрлэг үхэр гэж бий. Блог нээгдээд удаагүй байгаа тул бүх амьтдыг амжиж бичиж чадаагүй л явна. Нэг өдөр зэрлэг үхрийн талаар оруулах нь гарцаагүй.
Ярилцах сайхан байлаа, баярлалаа.
Та нартаа бүгдэд нь Шинэ оны Шинэхэн мэндийг дахин хүргье.
Сэтгэгдэл үлдээн амьтдаа нэрлэсэн та нартаа бүгдээрэнд нь тун их баярлаж байна. Нэг л өдөр холбогдох сэдвийн дор танд зориулсан тухайн амьтны зураг тавигдах болно гэдэгт итгээрэй.
Таалагддаг гэрийн тэжээвэр амьтан гэвэл унага нохойн гөлөг 2 байна.
Зэрлэг амьтадаас баавгай таалагддаг шүү. Хөвчийн эзэнг амьдаар нь ойд хажуунаас нь нэг харахсан гэж боддлг доо
Блогт чинь ороод зааны тухай бичлэгүүдийг уншаад ирлээ... Сонирхолтой байлаа, бас олон хүн ч орж гарчээ. Зарим нь үнэхээр ойлгоод гарсан даг аа...
Үнэн шүү, миний бичлэгүүд их удаан өрнөлтэй. Хамгийн товчоор хэлбэл, аялал гэдэг асар их цаг хугацаа бас мөнгө шаарддаг эд тул тэр бүхнийг хурдтай, өнгөц бичнэ гэдэг миний хувьд таарахгүй санагдаад байдаг юм.
Зааны дүрс гэхээр ямархуу талаар над сонирхуулж болох уу? Хэрвээ хуваалцахыг хүсвэл Банжигаар дамжуулж зурвас илгээгээрэй.
Санал бодлоо гайхалтай илэрхийлж бичин үлдээдэгт чинь би үргэлж талархаж бас өөрийг чинь ямар мэргэжилтэй хүн болоо гэж бодно...
Гялайлаа.
Шинээр бичигдсэн сэтгэгдэл бүрийг байнга эргэн тойрч, хэн ямар амьтныг онцолснийг ч чухалчлан тэмдэглэж явнам...
Энд бичиж үлдээсэн бүх хүмүүстээ зориулж томоохон бичлэг зориуд хийхээр төлөвлөж байгаагаа дашрамд дуулгаад тэрхүү бичлэгээр эргэн тун удахгүй уулзья.
миний дуртай амьтан арслан юм уу даа. за тэгээд амьтны нялх үр төлийг харахаар өөрийн эрхгүй хайр төрмөөр байдаг юм. дээр нэг андын хэлсэн шиг бүх л амьтад өөрийн гэсэн өнгө төрхтэй, хайр татах увидастай байдаг байхаа.
амжилт хүсье
Дараагийн зочин та энд зочилсон бол Африкийн амьтдаас нэгийг өөрийн болгож энд заавал нэрлээрэй. Хэзээ нэгэн цагт боломжийнхоо хэрээр тухайн амьтны зургаас танд зориулж нэгэн бичлэгтээ тавих болно гэж энэ удаад бас давтая.
Амьтнаа нэрлээд гарсан Soyoloo-доо маш их гялайлаа.
Сэтгэгдэл үлдээх: